Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн болохыг нь тогтоохоор зургаан цагаас илүү хугацаагаар саатуулахгүй байхыг хуулийн төсөлд тусгажээ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж, энэхүү ажиллагааны явцад хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. Уг хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, эдүгээ манай улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлон эрх хэмжээг нь зааглаж өгчээ. Хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор зургаан цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд харин согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол долоо хоног хүртэл хугацаагаар прокурорын хяналтын дор саатуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар Хууль зүйн сайдаас асуулт асууж хариулт авч байлаа. Ингээд байнгын хорооны саналаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 202 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүний дараа Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан нар Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Хилээр хүний цогцос нэвтрүүлсэн хоёр тохиолдол гарсан. Бүхэл бүтэн хүний цогцсыг шалгаад тогтоочихож чадахгүй байгаа юм чинь нэг, хоёр кг алт нуугаад гарчихаж болно гэсэн үг. Шалган нэвтрүүлэх гэдэг чинь уг нь энэ тал дээр л гол анхаарлаа хандуулах ёстой гэж байлаа.

УИХ-ын гишүүн М.Зоригт:– Immigration буюу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт штамп дарчихдаг хүн байдаггүй. Энэ газарт эмэгтэйчүүд ажилладаг ч удалгүй жирэмслээд явчихдаг. Тэгээд оронд нь өөр хүн авч ажиллуулж ажилчдынхаа тоог нэмье гэхээр төсөв нь байдаггүй гэж байлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:-Хилээр 192 мянган хүнийг шалгахгүй гаргасан гэдэг үнэн үү. Ийм их хэмжээний зөрүү гарсан нь үнэн үү. Энэ мэт асуудлыг сайн нягталж байж тодруулахгүй бол шууд кноп дарж болохгүй. Байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж сайн нягталъя гэж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:-Гааль гэдэг хилээр хууль бус зүйл нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй байгууллага. Гэтэл бид татвар хураадаг байгууллага гэж ойлгоод байна. Орж гарсан хүмүүстэй цэргүүд шууд тулж ажиллаж болохгүй гээд im­migration police гэдэг газрыг бий болгож байсан гээд хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, иргэдийн гадагш дотогш зорчих хөдөлгөөн, гаалийн хяналтын асуудлыг цогцоор нь авч үзэж шийдэх шаардлагатай тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар оруулж ирж хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:-Боомт дээр мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, immigration гааль гэсэн эдгээр байгууллагууд хэн нь тэндээ толгойлохоо шийдэх гэж хоорондоо зодоон болдог. Хоорондоо л зодолдоод байдгаас ажилдаа төдийлөн анхаардаггүй. Манай Засгийн газрын үед хил, гааль, боомтын асуудлыг цогцоор нь авч үзэж нэлээд ярилцаж байж Хилийн боомтын тухай хуулийг баталсан. Гааль нь зөвхөн татвар хураах биш хилээр хууль бус зүйл нэвтрүүлэхийн эсрэг хяналт тавих үүрэгтэй байгууллага. Иймээс асуудалд бодитой, нухацтай хандаж цогцоор нь шийдэх үүднээс хуулийн төслийг түр буцаагаад дахин сайжруулж оруулж ирэх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Хилийн хамгаалалт муудаж, зөрчил нэмэгдэж байгаа тул нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр амьдралд нийцүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Мөн хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 километрээс илүүгүй байхаар тогтоохоор тусгасан. Одоогийн хуулиар хилийн хяналтын бүс 100 км, хилийн шалгах бүс 20 км байгаа. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж, хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр тусгасан гэсэн хариулт өгөв.

Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонслоо. УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкны ерөнхийлөгчийн 2009 оны 650 дугаар тушаалаар “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш таван жил өнгөрөхөд банкийг татан буулгах ажиллагаа дуусаагүй байгаа. Мөн тус банкны жижиг хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа тухай хувьцаа эзэмшигч иргэдээс нь удаа дараа гомдол ирүүлсээр байгаа. “Зоос банк” ХК нь нийт 14 666 703 ширхэг хувьцаатай. Эдгээр хувьцааг 635 хувьцаа эзэмшигч хуваан эзэмшдэг. Үүнээс долоон хувьцаа эзэмшигч нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 628 хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигч байна гэдгийг дурдаж, “Зоос банк” ХК-ийг татан буулгах ажиллагааны тухай болон уг ажиллагааны явцад дээрх 628 жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хангах, тэдний хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой хариулт ирүүлэх хүсэлтийг гаргасан юм.

Гишүүний асуулгад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Зоос банк” ХК нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрч, өөрийн хөрөнгө алдагдсан, төлбөрийн чадваргүй болсон тул Монголбанкны ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар тус банкинд Эрх хүлээн авагч томилж, 2009 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар “Зоос банк” хувьцаат компанийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Тус банк татан буугдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, “Банкин дахь монгол хадгаламжинд баталгаа гаргах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 348 тоот тогтоолын хүрээнд “Зоос банк” ХК-ийн бүтцийн өөрчлөлтөд зориулж нийт 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. “Зоос банк” ХК дахь Эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар гурван удаа сунгаж, дөрөв дэх жилдээ ажиллаж байна. “Зоос банк” ХК-д Эрх хүлээн авагч томилогдсоноос хойших хугацаанд “Зоос банк” ХК-иас төлбөрийн нэхэмжлэлтэй этгээдүүдэд нийт 58.5 тэрбум төгрөгийн актив хөрөнгө эргэн төлүүлж, 51.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Зоос банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа” гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга, Д.Дэмбэрэл нар асуулт асууж хариулт авлаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Банкны хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан учраас ногдол ашиг хуваарилах ямар ч ойлголт байхгүй байсан. Европын сэргээн босголтын банк 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа эзэмшдэг байсан. Энэ нь нийт хувьцааны 25 хувь байсан. Бусад хувьцаа эзэмшигчдийн адилаар санхүүгийн хариуцлага хүлээгээд энэ нь алдагдал болсон. Өөрөөр хэлбэл энэ банкийг дампууралд хүргэсэн хувьцаа эзэмшигчдийн нэг учраас санхүүгийн хариуцлага хүлээгээд одоо ямар нэг хэл ам хийхгүй байгаа. Банкны 55 хувийг эзэмшдэг байсан Батбаяр гэдэг иргэн банкнаасаа тодорхой хэмжээний хөрөнгөө буцааж авсан. Ганц Батбаяр ч биш бусад бүх иргэд, компаниуд төлбөрөө авсан. Харин 14.7 тэрбум төгрөг буюу дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө шууд санхүүгийн хариуцлага хүлээсэн. Эрх хүлээн авах үйл ажиллагаа зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа нь үнэн. Энэ хооронд Монголбанкны гурван удаагийн шийдвэрээр хугацааг нь сунгасан. Сүүлийн хэдэн жил буюу 2012 оноос эхлээд Зоос банкны үйл ажиллагааг дуусгавар болгоод Сангийн яамнаас буюу төрөөс гаргасан бондын дүнтэй дүйцүүлэн эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгоё гэсэн саналыг удаа дараа хүргүүлдэг ч энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн” гэлээ.

Харин Г.Уянга гишүүн “Тухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Зоос банкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр Төрийн банкны эх үүсвэр бий болсон гэсэн тов тодорхой ярилцлага өгсөн нь байж байна. Одоо дээрээс нь Төрийн банкийг хувьчилна гэж ярьж байгаа. Хэрвээ хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол жижгээсээ том руугаа дараалж хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Эхлээд ард иргэдийн хохирлыг барагдуулж байж дараа нь хувьцаа эзэмшигчид гэсэн дарааллаар байх нь зүйтэй юм. Хувьцаа эзэмшигчид бас мөнгөө авахдаа жижгээсээ том руугаа гэсэн дараалалтай байдаг байх. Та нар үүнийг хангаж ажиллаагүй юм байна. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн. Том хувьцаа эзэмшигчид нь үүнийг шахаж шаардах ёстой ч ингээгүй. Маш олон хуулийг тухайн үед зөрчиж энэ банкийг татан буулгасан. Үүнд Монголбанкны буруутай, алдаатай үйл ажиллагаа маш их байгаа. Хувьцаа эзэмшигчдийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг судлах, зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох асуудал удаа дараа яригдаж энэ удаагийн УИХ дээр Эдийн засгийн байнгын хороон дээр санал гарч ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Энэ ажлын хэсэг зогсчихоод байгаа. Иймд Эдийн засгийн байнгын хороон дээр энэ ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох, Төрийн банкин дээр байгаа хувьцааны асуудлыг цэгцлэх ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой гэж үзэж байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.5-д энэ асуудал зохицуулагдсан байгаа. Асуулгын хариуг үндэслээд Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгийг үргэлжлүүлэх асуудлыг ярилцаж гацчихаад байгаа ажлын хэсгийг ажилд нь оруулах саналтай байна” гэлээ.

Д.САРУУЛ

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *