МАХН-аас хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд тэтгэврийн мөнгөн дээр нэмээд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгох тухай хуулийн төслийг өргөн барьснаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Л.Цог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн нөхөн олговор болгон тэдний ар гэр, үр хүүхдэд нэг сая төгрөг өгөх хуулийн төсөл батлуулсан. Тэгвэл манай намын зүгээс дахин улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүний хүүхэд гэгдсэн ч тухайн үеийнхний жишгээр овгоо солилгүй нийгмийн бүхий харилцаанд адлагдаж “Эсэргүүний хүүхэд” гэгдэж явсан өдгөө 78-92 насны 400 орчим ахмадад мөнгө олгох хуулийн төсөл санаачилж байна. Эдгээр ахмадууд амьдралынхаа ихэнх үед эсэргүү хүний хүүхэд хэмээн хэлэгдэж, хамгийн муу ажил хөдөлмөрийг хийж ирсэн. Өнөөдөр тэтгэвэрийн мөнгө гэж 207 мянган төгрөг авдаг юм байна. Тэдний тэтгэврийн мөнгөнд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгох тухай хуулийн төслийг өргөн барина. Улсын төсөвт 400-500 сая төгрөг нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Өөдрөгөөр асуудалд хандаж эдгээр ахмадууд 10 жил тэтгэвэр авна гэж тооцоолсон. Гэхдээ биднийг энэ асуудлаар судалгаа хийх явцад 10 гаруй ахмад буурай бурхны оронд морилсон. Тийм болохоор улам л тоо нь цөөрч байгаа тэдний асуудалд монголын төр хариуцлагатай хандаж, багахан цаг хугацаанд ч гэсэн мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна” гэсэн юм.