Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн гомдлыг 2020 он дуустал хүлээж авахаар болов

Манай улс 1996 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг зохион байгуулсаар ирсэн. Маргааш энэхүү өдөр тохиож байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгасан бөгөөд одоогийн байдлаар шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж байгаа ажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэн гэр бүлийн гишүүдээ цатгаатгуулахаар өргөдөл гомдол гаргаж буй иргэдийн асуудлыг 1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулж ирсэн. Уг хуулийн дагуу 2011 оны арванхоёрдугаар сарын 25-наас өргөдөл гомдол хүлээж авахаа болиод байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд Я.Санжмятав гишүүний санаачилгаар тус хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ 2020 оныг дуустал хэлмэгдэгсдийн өргөдөл гомдлыг хүлээж авахаар болсон юм. Хууль санаачлагч бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав төслөө батлуулахын өмнө дараахь мэдээллийг өгч байлаа. Тэрээр “1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүн 36 мянга орчим байна гэсэн тооцоо бий. 1939 оноос хойшхи хэлмэгдэж цаазлуулсан 37220 хүн байдаг. Үүний 28268 нь Цатгаатгалын комисс байгуулагдсанаас хойш цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 19 тэрбум 820 сая төгрөгийг 18558 хүнд олгосон. Амьд байгаа болон нас барсан хэлмэгдэгчийн эхнэр болон нөхөр гээд нийтдээ 153 хүнд орон сууц, 208 хүнд орон сууцыг орлосон мөнгөн урамшуулал олгосон байна. Одоо хэлмэгдэгчдийн хүүхдүүд гээд 400 гаруй иргэн бий. 80-90 настай хүмүүс. Эцэг, эх нь хэлмэгдсэн учраас эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд суралцаагүй, дээд боловсрол эзэмшээгүй хүмүүс байдаг. Мөн ажилд авдаггүй байлаа. Энэ бүхнээс болоод нийгмийн халамж, тэтгэмжээс хүртэж чадаагүй байдаг” гэсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд оруулсан онцлох заалтууд:

13.1. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно.

(Энэ хэсгийг 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)

13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:

13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр)/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;

13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.

(Энэ хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн)

15.1. Энэ хуульд заасан нөхөх олговрыг нөхөх олговор гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор бэлэн мөнгөөр нэг удаа олгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *