Categories
мэдээ улс-төр

Хэлмэгдэгсдийн ар гэрт 80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Нийт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэнээс 31 мянга гаруй нь цагаатгагджээ. Одоо 5000 гаруй иргэнийг цагаатгах асуудлыг хөндөж байгаа юм. Гэвч цагаатгах хугацаа 2011 оноор дуусгавар болжээ. Энэ хууль батлагдсанаар дээрх иргэд цагаатгуулах гомдлоо гаргах боломж бүрдэж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хууль батлагдахаас өмнө нас барсан хүмүүст хууль эргэж үйлчлэх үү” гэсэн бол гишүүн С.Бямбацогт “Өмнө нь хэлмэгдэгчдэд орон сууц олгож байсан. Одоо орон сууцтай дүйцэхүүц мөнгө олгох гэж байна. Энэ нь эргээд маргаантай асуудал үүсгэх үү” гэж асуусан юм.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Цаазаар авахуулсан хэлмэгдэгчдийн үр хүүхдэд бол 80 сая, шоронд хоригдоод, дараа нь ажил эрхлээд явсан хэлмэгдэгчдийн хүүхдүүдэд 40 сая төгрөг олгохоор тусгасан.Энэ нь орон сууцны үнэтэй дүйхүүц мөнгө юм. Хоёр жилийн хугацаанд өргөдөл авна. Өргөдлөө өгснөөс энэ хүний эрх нээгдэнэ. Одоогийн байдлаар 400 орчим хүний асуудал хамрагдана” гэсэн хариулт өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *