Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь хууль тогтоогчдын үүрэг

Дорнод аймгийн Булган сумын ИТХ-ын төлөөлөгч Ш.Пүрэвсүрэн

Төрд итгэх сонгогчдын итгэл алдарч байна. Бид өнгөрсөн 20-иод жилд ардчиллын сайн талыг мэдэрсэнболовч тогтолцоонд гажуудал гарчээ. Монгол төр хуулийн дор биш, намууд түүний бүлэглэл фракцийн эрх ашиг дор оршдог болтол нь ардчиллыг гажуудуулжээ. Монгол үндэстний сэтгэлгээ нь чухам юугаараа бусдаас ялгаатайг анхааран ажиглаж үндэсний сэтгэлгээ, онцлогоо тусгасан Үндсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлага бий. Байгуулж буй нийгмийнхээ тогтолцооны тухай эмх цэгцтэй ойлголттой иргэдээс санал асуулга авах нь үр дүнтэй бөгөөд бүгдээрээ шийдвэл буруугүй гэсэн санаа.

Ардчилсан улсад төрийн эрх мэдлийг зөвхөн нам гэдэг институц улс төрийн сонгуульд ялж авдаг. Тиймээс улс төрийн намууд аль нэг удирдагч хувь хүнээс хамаардаггүй институц болж хөгжих эсэхээс улс орны хөгжил дэвшил хамаарна. Бид хүчтэй Ерөнхий сайдтай болох ёстой. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн өөртөө авч чаддаг.

Парламентын засаглал бүхий улс болох шаардлагатай. Ерөнхий сайд нь кабинетаа бүрэн мэдэж ажилладаг, хариуцлагаа бүрэн хүлээдэг, ажил хийдэг мэргэшсэн захиргаатай байх учиртай. Гэсэн ч Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэтэрчихээд байгаа нь харагдахгүй байна. Цаашид төсвийн мөнгийг зохион байгуулалттай бүлэглэлүүдийн гарт өгөхгүй байх бүх боломжийг хуульд тусгах ёстой. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулиар элитүүдийг гаргаж ирэх шалгуурыг тавьж өгөх.

Дээрээ мөнгө цацаад гараад ирдэг, доод шатандаа зохион байгуулалттай бүлэглэлийн гарт орох шинж тэмдэг хэдийнэ ажиглагдаж эхэлсэн. Аймаг, сумын ИТХ –д сонгогдох төлөөллийн намын квот нь жинхэнэ холион бантангийн эхлэлийг тавьсан. Тэд нийгмийн эрх ашгийн төлөө гарах шийдвэрийг гацаах энүүхэнд. Иргэдийн улс төрийн боловсрол соёлын хэмжээ доогуур, ардчиллын тухай ойлголт нь хэтэрхий ерөнхий байгаагаас ардчиллын механизмууд амьд, бүтээлчээр үйлчилж чадахгүй байна. Намуудын нэр хүнд уналаа л гэнэ. Намыг бүрдүүлэгч эд эс болох боловсон хүчний шинэчлэл хийх шаардлага гарч ирлээ. Шинэ Монголыг авч явах шинэ хүмүүсийг гаргаж ирэх цаг нь болсон. Тэдэнд боломж олгох нь одоогийн хууль тогтоогчдын үүрэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *