Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Дорж
Нийгэмд хөгжлийн шинэ хандлага түүнийг шийдвэрлэх арга замыг зааж өгөх ганц оньсон түлхүүр нь боловсролын шинэчлэл болоод байна. Эрдэмтдийн үзэж буйгаар боловсрол бол шаталсан сургалтын тогтолцоо аж. Иймээс боловсролтой болно гэдэг нь нарийн утгаараа хүн өөрийгөө төлөвшүүлж, асуудлыг зөв үйл хандлагаар шийдвэрлэх оюун сэтгэлгээний чадавх сайтай болохыг илэрхийлсэн үйл ажиллагаа юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос болж Г.Чулуунбаатар БСШУС-ын сайдаар ажиллах боломжгүй болж, түүний оронд Ц.Цогзолмаа томилогдлоо. Түүний улс төр , нийгмийн мэдлэг хэр хэмжээ ямар болохыг саяхан хэвлэлд өгсөн ярилцлага болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдээс тавьсан асуултад тооцоо судалгаа дүгнэлт сайтай хариулт өгч байгаа нь боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллах сэтгэл оюуны хүч чармайлтаа дайчлан ажиллаж чадах юм байна гэдгийг харууллаа. Стратегийн баримт бичгийн ноён нурууны гол тулгуур багана бол багш. Иймээс боловсролын салбарыг шинэчлэх асуудлын цөм нь багшийг чадваржуулах асуудал. Даяаршлаар “данхалзсан” энэ цаг үед бага ангиас эхлээд бүх ангийн хичээлийн хөтөлбөрт хүүхдийг монгол хүн болгож, Монголын соёл уламжлал, дархлааг хөгжүүлэхэд анхаарч, уран зохиолын зорилго агуулгыг Монгол өв уламжлал, ёс заншил, соёл түүхийг танилцуулдаг, эх оронч үндэсний бахархал, дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлж Монголын түүхийг бүх ангид үздэг байхаар өөрчлөх ёстой. Шинэ зуун эхэлснээр хүний оюуны чадавх, хүч боломжид тулгуурласан хөгжлийн гарцыг эрж хайж байна. Үүнийг маш товчхоноор хэлбэл хүнээ хөгжүүлэх нь эн тэргүүний хэрэгцээ болж байна. Түүнд хүрэх зам нь боловсрол. Боловсрол тэргүүлэх салбар гэж олон жил ярьсан бол өнөөдөр боловсрол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх эрх ашиг болжээ. Боловсролыг аваад явах эзэд нь багш нар төдийгүй эрдэмтэд судлаачид ажилтан, албан хаагчид бөгөөд багшдаа суурилсан боловсрол хөгжинө. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас хамаарах нь өнөө цагийн боловсролын өөдлөн дэвжих өнгө төрх болж байна.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН