Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Үйлчилгээний байгууллагуудад сэтгэл ханамжийн судалгаа үгүйлэгдэж байна

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Г.Батдэлгэр

Би энэ жил худалдаа, үйлчилгээний байгууллагууд болох Мишээл дэх “Шинэ сонголт”, Бөхийн өргөөний урд байрлах “ Шинэ сонголт”, “Best буйдан”, “Номин Юнайтэд”, Соёолжийн “Номин”, “Мөнххада”, “Макс” цонх, хаалганы үйлдвэр, “Цонх констракшн”, “Aqua­therm” зэрэг байгууллагуудаар үйлчлүүлсэн. Эдгээр байгууллагуудын тухай үйлчлүүлэгчийн хувьд сэтгэгдлээ илэрхийлж онц, сайн, тааруу үнэлгээг дараахь тайлбартай өгмөөр байна.

Онц үнэлгээнд Best буйдан, Мөнххада, “Aquatherm” байгууллагыг хамруулж болохоор байна. “Best буйдан” дэлгүүрийн бараа хүргэлт хурдан, залуучууд дуулгавартай байхаас гадна сэтгэлээрээ. Тэд манай гэрт хүргэлт, угсралтын ажлаа дуусч байхад тавилгын өөр дэлгүүрээс бараа ирэхэд хамжилцаад буулгаж өгч тусалж байлаа. Мөн тавилгын бүрдэл тоо ёсоороо, гэмтсэн, дутсан, эвдэрсэн зүйл байхгүй. Онц үнэлгээнд Мөнххадааг зүй ёсоор оруулж байна. Үйлчилгээ түргэн, цэвэрхэн, хүнийг тосч үйлчилдэг.

Тааруу үнэлгээг Макс цонх, хаалганы үйлдвэр, Цонх констракшн компанид миний хувийн зүгээс өгч байна. Энэ байгууллагын ажилчид ажилдаа сэтгэлгүй гэж хэлж болохоор. Хүний өмчид их ширүүн хандах юм билээ. Максынхан шинээр хаалга суурилуулахад нугасны нүхийг алдаж өрөмдөөд дахин өөрчлөхөд эмзэглэх юм алга. Цоож суулгахдаа цүүцээр хааш яайш нүхэлнэ. Жаахан нямбай байж болохгүй юм уу гэхэд сүртэй юм замаск, будаг байхад гэж ирээд л өөрийгөө өмөөрнө. Хаалга 14 хоногт хийнэ гээд гэрээ хийж, урьдчилгаа аваад явсан. Таг чимээгүй байж байгаад 20 гаруй хоногт арай ядан багтаасан. Хэмжээ авахдаа дөрвөн см алдаж дахин хаалга хийсэн. Дөрвөн хаалга хийлгүүлэхэд 2-3 хүнтэй баг таван удаа ирж байх жишээтэй. Дутуу хийснийг өөрөө хийж дуусгасан. Соёолжийн “Номин” руу олон ч удаа явлаа. Хайрцагтай, баглаатай бараа өгнө. Эд ангиуд өөр хоорондоо таарахгүй. Радиаторын заглушка ердөө хоёрхон эрээстэй. Шугаманд холбохоор даралтаа дийлэхгүй мулт үсрэн орчноо услана. Бараа буцаахад бичиг шаардана. Бүр сүүлдээ хугацаа өнгөрсөн гээд ам таглана. Бидний суралцаад байгаа Америкт хоёр сарын дотор барааны буцаалт хийж болдог туршлагыг яагаад бид нэвтрүүлж болохгүй гэж.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *