Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн Ж.Дандар
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илэрсэн, гэмт хэрэгтнүүдэд шүүх, хууль хяналтын байгууллага зохих шийтгэлийг өгч чадсанд баяртай байна. Монголын ард түмэн энэ хэрэг илрэхийг 18 жил хүлээсэн, хүссэн, шаардсан. Хууль хяналтын байгууллага 18 жил шалгасан, мөрдсөн. Зөвхөн цаасан дээр буулгасан бичиг баримт нь 57 хавтастай хэрэг байна гэсэн. Энэ 57-г дунджаар 300-гаар үржүүлэхэд овоо л тоо гарна, нэмэгдэнэ. Эргэн дурсахад С.Зориг алагдаад удаагүй байхад Ардчилсан хүчнийхэн С.Зоригийг өөрсдөө алсан, зарим нь ч Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ганболд нар алсан, захиалсан гээд л шуугьж, хэвлэл мэдээллээр цацаж эхэлсэн. Цагдаа, тагнуул энэ мэдээллийн үнэн зөвийг шалгасан байж таараа. Цаг хугацаа урссаар, хүсэлт хүлээлт үргэлжилсээр байтал 2000 он гарч ээлжит сонгууль боллоо. МАХН (Монгол ардын нам)-ын нэр дэвшигчид, сурталчилгаа хийж байсан хүмүүс нь бүгд л манай нам засгийн эрхэнд гарангуутаа л С.Зоригийн хэргийг илрүүлнэ. Манай нам тусдаа шалгаад илрүүлчихсэн байгаа. Сонгуулийн маргаашаас Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарыг барьж хорино, хорих юм гэнэ. Сонгуулийн санал авахаас өмнө хорьчих гэхээр хэргийг шалгаж байсан, ажлын хэсгийг ахалж байсан… дарга УИХ-д нэрээ дэвшүүлэхдээ энэ Засгийн газрын үед энэ хэрэг илрэхгүй. Дараагийн Засгийн газрын үед илэрнэ, илрүүлнэ гэж улс даяар мэдэгдэж, мэдээлж хүн ардаа баярлуулж горьдоож байсан. Хүсэл горьдлого биелж дараагийн Засгийн газрын үед МАН гарч ирэв. 500 сая төгрөг өгнө гэв. Хонгилын үзүүр дэх гэрэл сүүмийсээр 2004 оны сонгууль боллоо. Над шиг хэрэг илэрсэнд баярлаж бахархаж байгаа олон байвч бас энэ хэрэг илрээгүй, зохиомол зүйл боллоо. Илрүүлсэн нь буруу… гэж зүтгэх, эргэлзэх хүн бас байх юм. Хүн нүдээр хараагүй юмандаа эргэлзэж болно. Харин хүсэлт хүлээлтийг май гээд бэлэг өгөхөөр үгүйсгэж буруутгаж байгаа нь утгагүй юм. Дургүйцэж, үгүйсгэж, эргэлзэж байгаа хүмүүсээс, та хавтастай хэргийг уншиж танилцсан уу, шүүх хуралд суусан уу, хэрэг шалгахад оролцсон уу, тухайн үед С.Зоригийг алж байсан хүнийг харсан уу гэхээр… үгүй л гэх юм. Би гайхаад та тэгээд С.Зоригийн хэрэг битгий илрээсэй гэж бодож байсан юм уу гэхээр “Яалаа гэж, илрээсэй гэж бодож явсан” гэх. Хэт их хардах, эргэлзэх нь хувь хүний сэтгэхүйтэй холбоотой боловч зарим хүн хардлага, эргэлзээний цаана өөр үйлийг нууцалж байдаг. Түүнийгээ мэдэгдэхгүйн тулд өөр утга агуулгаар хэлж, ярьж тайлбарлаж, тодорхойлж байдаг байх. За ямар ч байсан С.Зоригийн хэрэг илэрсэнд би хувьдаа маш их баярлаж байна.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН
С.ЦОМОРЛИГ