Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Монголчууд хүүхэд, нохойг бусдаас өмөөрдөггүй

Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Г.Батдэлгэр

Монголчууд бид ёс, жаяг ярихын хэрээр хэзээ ч түүнийгээ биелүүлдэггүй хүмүүс. Ялангуяа хөдөө орон нутагт “гадны” хүнд алхах, гишгэхийг хүртэл заах гээд байдаг. Гэсэн атлаа амьдралын чанар, боловсролын тухай тэдэнтэй ярихад хэцүү. Монголын гүн ухаан зөв, учир утгатай амьдрах, гол нь хүн байх тухай номлодог. Өнөөгийн нийгэмд өрх толгойлсон дөрвөн хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна. Яагаад эмэгтэй, эрэгтэй хүний тоо бараг тэнцүү (51:49), манай оронд эмэгтэйчүүд илүү хариуцлага үүрээд байгааг тайлбарлах гэж оролдъё. Эрэгтэйчүүд нийгмийн өмнө, өрхийн тэргүүний хувьд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстойгоо тэр бүр мэдэхгүй байна. Гэргий, хүүхдээ халамжилж, хамгаалах, мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах ёстой наад захын үүргээ ухамсарлахгүй учраас эхнэр, хүүхдэдээ адлагдан гудамжинд гардаг. Тэд зөвхөн эрхээ л мэдэж, илүүг шаардаж байна.

Охид, хүүхнүүд төв, суурин газрын соёл, боловсролтой залуусыг сонгох боллоо. Энд тэнд шүлс, хог хаяж, тамхи татаж, гудамжинд морь харсан эрчүүд “борлогдох” гэж зовох бололтой. Зоддог, архичин, орлогогүй, бүдүүлэг эрчүүдийн эхнэр нэртэй оймс, турсик угаах гэж төрөөгүй шүү гээд манай бүсгүйчүүд нэг үеэ бодоход зоригтой дуугардаг болсон. Хоёрдугаарт, залуучуудын сэтгэлгээ, хандлага, зуршил буруу тийш яваад байна. Ховоор амьдардаг хүний тоо хог түүгчдээс илүү олон болж дээ. Хүн хэнээс ч эмээхгүй үгээ хэлэх эрх, эрх чөлөөт амьдралын төлөө бид ардчилал гэж 27 жил гудамжинд бархирсан. Үүнийг ойлгохгүй хүн энэ нийгмийн өмнө хариуцлага хүлээгээд, айл гэр авч явж чадах уу? Дуугүй байх дээд зэргийн эсэргүүцэл гэж үг бий.

Гуравдугаарт, хүүхдээ эцэг, эхчүүд их өмөөрөх юм. Ялангуяа буруу үлгэр дуурайл үзүүлэх зүйл дээр ч ялгаж, салгах тэнхэлгүй дэмий зүйл бурах. Тухайлбал, эхнэр, хүүхдээсээ салаад ирсэн хүүдээ зөв юм хийсэн байна, дахиад олдохгүй “сэгсгэр” биш, дээр л салах байсан юм гэж “морийг нь эмээллэнэ”.

Бид өнөөгийн аж төрөх хэв маяг, хандлагаа өөрчлөхгүй, дүгнэлт хийхгүй бол хот, суурингийн охид, хүүхнүүд гадаад нөхөр сонгон (ядахнаа зодохгүй), хөдөөний миссүүд хотын хөвгүүдийг сонирхож, харин орон нутагт залуус хэнд ч тоогдохоо больчих вий дээ.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *