Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: ​Монгол Улс баялгаа хэтэрхий хямдхан экспортолж байна

БГД-ийн өндөр настан М.Лхагвадорж

Манай улсын хөгжилд болон иргэдийн амьдралд мөнгөний шаардлага их байгаа. Уул уурхай,хүнд үйлдвэрийн яамтай болохоор стратегийн том ордуудыг 100 хувь төрийн өмчит компаниар олборлосноор маш их мөнгийг улсдаа оруулах боломжтой. Ажлын байр ч нэмэгдэж, олон мянган иргэд ажилтай болж ажилгүйдэл, ядуурал багасах боломж харагдаж байна.

Монгол Улс баялгаа дэлхийд хамгийн хямд өгч байгаа талаар мэдээлсэн. 500 тэрбум ам долларын ордыг 500 сая доллараар буюу 1000 дахин хямд өгснөөр баялаг маань амархан шавхагдаж улс маань дампуурч болзошгүй. Дэлхийн зах зээлд коксжсон нүүрсний үнэ үнэлэмж өндөр болж, Таван толгойн нүүрсний нөөц манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэж нэг хүнд нэг тэрбум төгрөг ноогдох талаар тооцоолсон байдаг.

Оюу толгой нь Эрдэнэтээс долоо дахин их нөөцтэй нь манай улсын 400 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их баялагтай. Бусад олборлож байгаа ордуудтай нийлээд манай улсын мянган жилийн төсөвтэй тэнцэх асар их хөрөнгийг 500 жилээс доошгүй хугацаанд ашиглаж улсаа хөгжүүлж ард нийтийг аз жаргалтай амьдруулах боломжтой. Хэдхэн дарга нар маш өндөр цалин аваад баялгаа гадаадын компанид булаалгачихаад байх ёсгүй. Энэхүү асар их баялаг бол эх оронтой эн зэрэгцэх алдаж болохгүй зүрх сэтгэлээ зориулах үнэт эрдэнэ байх ёстой.

Энэхүү мянган жилийн төсөвтэй тэнцэх, одоо олборлож байгаа баялгаа хэдхэн жил шавхаж барагдуулснаар ард нийтээрээ хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх учраас баялгаа зохих ёсоор ашиглахад анзаарч байх үүрэгтэй. Эх оронд аюул учирсан үед иргэн нь алтан амиа зориулдаг тул эх орон иргэнээ ядарч зовж байгаа үед халамжилж бүх зүйлээр туслах нь жам ёсны хэрэг билээ. Ардчилсан нийгмийн өнөө үед энэ боломжийг алдахгүйн тулд хойч үеийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасны дагуу баялгийнхаа эзэн нь болж аз жаргалтай, амар тайван амьдарцгаая.

“Өдрийн сонин”ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *