Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Мэхэсхийх нь бялдуучлал биш хүндэтгэл

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн
дугаарт хэвлэгддэг “Хэлэх эрхийн индэр” булангаас хүргэж байна. Энэ
буланд та
хүссэн сэдвээрээ үгээ хэлэх эрхтэй юм.

Хэрэв та “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

“Өдрийн сонин”-ны №224 дугаарт сэтгүүлч Н.Гантулгын “Бид бие биедээ мэхийж хүндэлдэг хуультай болмоор байна” асуудал дэвшүүлсэн нийтлэлийг уншаад түүнд хөндсөн үндсэн санааг бүрэн дэмжиж байна. Тэнгэрийн тамгатай Чингисийн монголчууд бид эзэн хаан, эрхэм дээд өвгөд, бичиг соёлын мэргэдээ мэхийн хүндэтгэхээс гадна сөхөрч, сөгдөж, шүтэн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Тийн атал эдүгээ бид бие биенээ хэмлэж өвөр зуураа нохой мэт хэрэлддэг болсон нь даанч харамсалтай. Хүн хүнээ хүндэтгэх ёс хөсөр хаягджээ. Төрийн тэргүүнээ төдийгүй журамт нэгнийг ч өөчлөн гоочлох нь хэрээс хэтэрлээ. Үүнийг коммент гэгчээр гулгисан зарим телевизийн хоосон цээжтэй залуус өдөөн турхирч байна. Ёстой л харанхуйн доторх эмгэнэл бус уу. Эх хэлээ ч мэддэггүй, эрхэм ёсоо ч төсөөлдөггүй хэсэг бүлэг бидний дунд могой мэт цогнойх болжээ.

Мэхэсхийх: 1. баахан мэхийх

2. Хоёр алгаа хавсарч, бөхийн ёслох,

Мэхийх: 1. Бие бөхийн, толгой гудайх (Мэхийн ёслов)

2. Хүн амьтны гэдэс хэвлээ дотогш татаж хонхойлгох

3. Үйл явдалд хичээнгүйлэн чармайх мэрийх хэмээн Я.Цэвэлийн тольд дурдсан бий. Энд мэхэсхийх, мэхийхийн утгын ялгаа, холбоог ойлгомжтой тайлбарлажээ. Мэхийн ёслох нь малчин ардын өдөр тутмын харилцаанд ч байнга давтагддаг. “Монголчуудын ёс заншлын тайлбар толь”-д “Зочдыг угтах үдэх үед харилцан алга хавсарч мэхэсхийх, гар өргөн ёслох, гар барилцаж болно” гэсэн байдаг. Эндээс үзэхэд мэхэсхийх нь бялдуучлал биш хүндэтгэл юм. Мэхийх нь дорой буурайн биш даруу төлөвийн илрэл болой. Ардын ёс заншил бол бичигдээгүй аман хууль шүү дээ. Даяаршлын эринд монголчууд бид ардынхаа ёс заншлаар гоёж, бие биенээ ерөөж, бусдыг мэхийн хүндэлж, соёлтой харьцаж байх учиртай. Чингэхийн сэдлийг үүсгэсэн “Өдрийн сонин”-д дахин талархсу.

СХД XXIV хорооны иргэн Ж.Дарьханд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *