Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хуулийн шалгалт авч байж УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлдэг болмоор юм

Үндсэн хуулийн заргач Н.Баасанжав

Үндсэн хуулийг өөрчлөхөөр цөөн тооны хүмүүс оролдож байна. Улс үндэстэн гэхээс урьтаж яаж эрх мэдэл авч, ууж идэхийг өдрийн бодол шөнийн зүүд болгоцгоожээ. УИХ-ын гишүүн болоод ч сэтгэл нь ханадаггүй, бүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод ч эрх мэдэл нь дутаад болдоггүй гэнэ. Мэдлэг мэдээлэлгүй хүмүүс энэ орчлонд мэхлэгдэн хохирч байдаг жамтай. Хэдэн арван жил ХЗХ-нд мөнгөө өгч хохирсон хүмүүс, хүний биед тустай нэмэгдэл бүтээгдэхүүний пирамид сүлжээ, Туркийн Жи таймын залилан гээд хохирлын хэмжээ тоймоо алдаж толгой хоосон эрх баригчдад хулхидуулж, улс орноо өр зээлэнд оруулж өргөн олон хохирсоор байгаад сэтгэл нь бас ханадаггүй ажээ. Онгоцны жолооч нисэх бүртээ эрүүл мэндийн болон мэргэжлийн үзлэгт ордог байхад, ард түмнийг жолоодож төрийн хуулийг гардан хэрэгжүүлэх хүмүүс ядаж хуулийн засаглалын мэдлэг мэргэшлийн шалгалтад оруулахаар хуульчлахгүй 27 жил болгосны хэргийн учир үүнд байгаа билээ. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд хууль санаачлах хүмүүсийн нэрсийг заасан ч хууль мэдэхгүй хүмүүс яаж хууль санаачилдаг байнаа. Үндсэн хууль мэдэхгүй УИХ-ын гишүүд, Үндсэн хууль сахиулахаар тангараг өргөж болмооргүй байна. Хүний эмч биш байж эмчийн тангараг өргөж болохгүйтэй утга нэг юм. ҮХ-ийн хавсралт хуульд ҮХ-ийн чадамжийг сайжруулах олон салбар хууль 1996 онд багтаан хийж дуусгахаар заасныг хэрэгжүүлэхийг хүссээр гавьяат хуульч Б.Чимэд гуай бурхны орноо одсон ч тэнгэрээс амьд үлдэгсдээс хүсч байгааг эрхэм шавь Д.Лүндээжанцан бодмоор юм. Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар гурван шатны шалгалт өгч тэнцсэн хүн УИХ-д нэрээ дэвшүүлэх эрхийг УИХ-ын сонгуулийн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Энэ хуульд ганц заалт ороход бүх буруу засагдах ёстой юм. Өөрөөр хэлбэл хуулиар шалгалт авч байж УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлдэг болмоор юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *