Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хүний хүслийг хориглох тусам улам дэвэрдэг

СХД-ийн иргэн Д.Хамба

Манай монголчууд нэгнийгээ дагаж, дуурайх, аливаа зүйлд хужир долоосон мал шиг хошуурдаг сул талтай. Заавал алдаж байж л ухаарал, сургамж авдаг онцлогтой. Монголд олон зуун уулчдын клуб, нэгдэл бий. Хавар, зун, намар, өвөлгүй л аль нэг уулын оргил өөд мацдаг болсон. Сонирхогч битгий хэл мэргэжлийн уулчид зүрх алдан байж, авиралт хийдэг өндөр оргилууд Монгол оронд маань их. Ийм атал мэргэжлийн гэх ганцхан уулчнаар ахлуулсан хорь гаруй залуучууд тэр их сүрлэг хайрхан руу өдийд авиралт хийдэг нь дэндүү харамсмаар,болчимгүй үйлдэл болжээ. Хүний л амьдрал, хувь тавилан юм даа. Уг нь Отгонтэнгэр хайрхан руу авиралт хийхийг 2015 оноос хойш хориглосон юм байна. Гэтэл нууцаар ийн явж байгаад амиа алджээ. Ер нь хүний хүслийг хориглох тусам улам дэвэрдэг. Архичин хүний архийг нь нуугаад, уухыг нь хоригловол тэр хүнд уух хүсэл бүр их төрөх нь ойлгомжтой. Тамхи хортой гэж хэлээд л байхад хүн бүр л тамхи татаж байна. Аливаа зүйлийг хориглох тусам түүнээс ч илүү далд аюул урган гарч байдаг. Хэрэв хориглоогүй сэн бол Отгонтэнгэр хайрханд авиралт хийх гэж буй уулчид бүгд харьяа нутаг дэвсгэрийн ОБЕГ, албаны улсуудад мэдэгдэж, зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авсан хүмүүсийн аюулгүй байдал, хэрхэн авиралт хийх гэж буйг нь лавлаж, зөвлөгөө өгнө. Ядаж л осолдлоо гэхэд түргэн мэдэж, яаралтай арга хэмжээ авах ёстой байлаа. Гэвч хэн ч мэдээгүй хэдэн уулчид Отгонтэнгэр хайрхны оргил дээр гарчихаад буух замдаа ийн осолджээ. Азаар амьд үлдсэн хүмүүс уулнаас буусныхаа дараа үлдсэн нөхдөө ирэхгүй болохоор нь хэрэг бишидлээ хэмээн албаны хүмүүст хэлж тусламж хүсчээ. Ийн цаг хугацаа алдсанаас болж ууланд үлдсэн хүмүүсийн амь нас эрсдэлд орох нь ойлгомжтой шүү дээ. Хэрэв ууланд авиралт хийхийг хориглоогүй бол цаг хугацаа алдалгүй авран хайх арга хэмжээ авах байжээ. Гэвч Төрийн буруу шийдвэр, бодлогоос болж, бүх зүйлийг хориглож, хүний эрхийг зөрчдөг дарга нараас болж, Монгол Улсын 17 иргэн ийн харамсалтайгаар амиа алдлаа. Ум сайн амгалан болтугай.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр“-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *