МУСТА Ц.Баттөмөр
Эх орны даалгавар биелүүлж яваад амь эрсэдсэн нисгэгчид В.Путин ОХУ-ын баатар цол нэхэн ойлгож, ар гэрт нь тусламжийн гар сунгалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама аллага таллагад өртсөн иргэн бүртээ эмгэнэл илэрхийлдэг. Монголд харин хүн үхэж байхад тоодоггүй. Бүүр үхсэн хүнд ял оноосон тохиолдол ч бий.
Ирвэс хамгаалагч Л.Лхагвадэмбэрэл хүү учир битүүлгээр алтан амиа алдлаа. Олон удаа дарамтлуулж, барьцаалагдаж, энэ тухайгаа гэрч, баримттайгаар хуульчид, цагдаад мэдэгдсээр байхад яагаад хамгаалсангүй вэ?
ОХУ-ын нисгэгч, ирвэс хамгаалагч хүү хоёр эх орныхоо даалгаврыг адилхан биелүүлж явсан аавын хөвгүүд бус уу. “Намайг дарамталж зодоод байна” гэж гэртээ захидал бичиж суусан цэрэг яахаараа өөрийгөө егүүтгэдэг билээ. Бас явган зорчигчид өдөр бүр шахам согтуу жолоочийн дугуйны нөхөөс болсоор байна. Нийтийн тээврийн автобуснууд нь өвлийн дугуй авч хүчрэхгүй байгаа гэсэн шалтгаанаар өчнөөн осол хийж, олон хүнийг гэмтээж бэртээж, амь насыг нь сүйтгэлээ. Оны эхний арван сард барилгын ослоор 13 хүн амиа алдлаа. Эдгээр тоог Монголын хүн амтай харьцуулбал дэлхийн чихийг дэлдийлгэхээр өндөр тоо гарах бус уу.
Дорноговьд хөлдүү мах биедээ ороож хил нэвтрэх гэж байгаад амь насаа алдсан хүний тухай мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Гэтэл аймгийн хоёр дарга нь ажирсан шинжгүй, харин ч нэгнээ суудлаас нь авч хаях тухай ярьж байдаг гэнэ. Сайд нараа “шүд сугалан” хэлмэгдүүлэх нь намын харьяаллаар шийдвэр гаргах түвшинд залсны гор юм болов уу. Халх голын дайнд амь үрэгдсэн дайчдаас ч хэд дахин олон хүний амь насыг авто зам дээрээ манайхан авч оддог. Дэлхийн гуравдугаар дайн зам дээр өрнөж байна гэж мэргэжлийн байгууллагын гаргасан тоо баримтад өгүүлсэн байна лээ. Хүний амийг Монголд өндөр үнэлдэг байсан бол хамгаалахдаа ингэж хөшүүн хойрго хандахгүй биз ээ. Хүний амийг юман чинээ боддоггүй энэ байдал аль хэр удаан үргэлжлэх юм бэ.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.