Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хөгжсөн хүн өнөөдрийн нийгэмд мөнгөнөөс үнэтэй

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХОЁРДУГААР ХОРООНЫ ИРГЭН Ж.ГАРАВ

Монголчууд бид нийгмийн тогтолцоогоо өөрчилж, ардчиллын замд тууштай орсон.

Харин хуулиа чандлан сахиж чадахгүйгээс өнгөрсөн 20 гаруй жилд нийгэм хүсээгүй зам руугаа эргэлээ. Саяхан төвийн нэг хэвлэлд хашир улс төрч “Нийгэм таашгүй замаар орон, танигдашгүй болтлоо өөрчлөгдлөө” гэж халагласан байна билээ. Улс орны амьдрал, хөгжилд эдийн засгийн чадавхи зайлшгүй чухал нь ойлгомжтой. Гэвч өнөөгийн нийгмийн тэр тусмаа улаанбаатарчуудын амьдралд юу юунаас илүү чухал нэг асуудал байна. Нийслэлчүүдийн маань хөгжил, хүмүүжил, соёл зарим талаараа ихэд доройтжээ. Хүмүүсийн зан авир, ааш араншин муудаж хэг ёг яриатай, хэдэр ёдор харьцаатай хүн хааяагүй тааралдана. Тэгэхээр “хүн эрдэнэ”-ээ хайрлах, хамгаалах, хөгжүүлэх нь өнөөгийн нийгэмд нэн эрхэм зүйл болоод байна. Бүдүүлэг зан авир, ёс зүйгүй явдал газар авч болохгүй. Өнөөдөр олон нийтийн болон худалдаа арилжааны газарт, гудамж талбайд, автобусанд ч хүмүүсийн зан харилцаа, соёл үнэхээр доройтсон харагдана. Дуртай газраа нус цэрээ хаядаг, байшин барилга, хашаа хорооны булан тохойд “морь хардаг”, дайрчих шахан зөрдөг, нэгэндээ зам тавиад өгчих ухаан хомс, яльгүй юман дээр хэрүүл өдсөн, бүдүүлэг, хэрцгий, харгис авиртай хүн цөөнгүй тааралдах болжээ. Баярлалаа, уучлаарай гэж хэлдэг, инээмсгэлэсэн, найрсаг харьцаатай нь ховордож, харин ууртай, уцаартай догшин ширүүн нь нэмэгдээд байна уу? Залуус нь ахмад буурлууудаа хүндэтгэх нь багасаж, зарим хөгшид нь бусдын өмнөөс өтөлчихсөн юм шиг авирлах болжээ. Бурхан шашин, үзмэрч зурхайч, бөө удганд илүү итгэх залуус ч өссөөр байна.

Сүүлийн үед архичдын эгнээ залуусаар өргөжөөд байх шиг. Улаанбаатар хотын хаа сайгүй архичдын сүрэг бий болчихоод байна уу даа? Гадны улс орнуудын төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгчид монголчуудын нэн ялангуяа нийслэлчүүдийн хөгжил, соёлыг илүү ажиглана. Ингэхээр иргэдийнхээ мэдлэг соёл хүмүүжилд онцгой анхаарч, соёл хүмүүжлийн ажлыг бодлого, төлөвлөгөөтэй зохион байгуулах. Энэхүү ажлынхаа үр дүнг нь тооцож, үнэлж байх хэрэгтэй болжээ. Соёл, хүмүүжил сайтай иргэдтэй газарт л амжилт бүтээл ундарч, сахилга хариуцлага сайжирч байдаг. Монголчууд бидэнд уламжлалт сайхан ёс суртахуун, дэг жаяг бий. Тиймээс бид бурхан ухаант өвөг дээдсийнхээ сургаал, уламжлалыг гээж, уландаа гишгэх ёсгүй. Нийслэлийнхээ соёл хөгжлийг залуус нь уриалан дагуулж, ахмадууд нь ноён нуруу түшиг тулгуур нь байцгаая. Төр нь иргэдийнхээ хүмүүжил, хөгжлийн төлөө зарах хөрөнгө хүчиндээ гар бүү татаасай, зардал төсвөө бүү харамлаасай.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл
бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *