БЗД-ийн иргэн Р.Цэцэгжаргал
Үүнийг мэдэхгүй хүн гэж үгүй. Хүн хэмээх өөрөө бүх зүйлийг биеэрээ туулан байж сая нэг юмны учрыг ойлгодог нь сонин. Хажууд чинь суугаа хүн буруу хооллолтоос болоод ходоодны хорт хавдар тусчихаад байхад түүнээс сургамж авахгүй, алдсан замаар нь явсаар байх нь бидний гэм биш зан. Илүү ухамсартай, нэгийг бодож, хоёрыг тунгаадаг хүмүүс нь нээрээ би өнөөдөр юу идсэн бэ, ер нь хэрхэн зөв хооллох уу, энэ нь миний биед ямар ач холбогдолтой вэ гэдгээ ойлгох юм. Зарим хүмүүс өглөө юу ч ууж, идэлгүй нойрмог амьтан ажилдаа, хичээлдээ ирнэ. Ингээд өдрийн цайны цагаараа хуушуур, пирошки, төрөл бүрийн түргэн хоол, хийжүүлсэн ундаа, ус мэтийн эрүүл мэндэд ямар ч ашиггүй хүнсийг идэж ууна. Үүнийгээ больчих хэрэгтэй. Эрүүл мэндээ бодох учиртай. Орой гэртээ хариад хөрсөн хоолоо халааж иднэ, өглөө босоод урьд орой нь халаасан хоолоо дахин халааж иднэ. Ихэнх хүмүүс ийм л байгаа. Үүнээс болоод элдэв янзын өвчин, халдвар тусах нь ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор иргэд минь биеэ бодох нь чухал. Миний бие өнгөрсөн жилүүдэд яг л ийм л байсан.
Үүнээсээ болоод ходоодны шархлаатай болж, эмнэлгээр их олон сар явсан. Харин одоо зөв, зохистой хооллох болсноос хойш бие эрүүл болж, улам хөнгөн шингэн болсон. Хүн яагаад өвчин тусдаг вэ. Үүний гол хариулт бол ерөөсөө л буруу хооллолт. Хэрхэн зөв хооллох тухай интернет сүлжээгээр бишгүйдээ л бий. Тийм болохоор та бүхэнд зөв хооллолтын тухай тайлбарлах нь илүүц биз. Хамгийн гол нь ходоод хогийн сав биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг мэдэж байгаа хэрнээ яалт ч үгүй буруу хоол, хүнс хэрэглээд байгаа хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийг одооноос бодох цаг нь болсон гэдгээ анхаарах хэрэгтэй.
“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН