Хөдөө,орон нутгийн засмал замын ойр орчим тэр чигтээ хог новш, хүний ялгадас, ариун цэврийн цаасанд дарагдчихсан байх юм. Хол замд давхиж яваад хэсэг зогсож, агаар амьсгалах гэхээр гялгар тортой хог, ундаа, усны сав, архины шил хөглөрч байх. Бут сөөг болгонд ариун цэврийн цаас наалдчихсан салхины аясаар хийсч харагдана. Зам засварын компаниуд эвдэрсэн замыг нөхөж янзлахаас замын хоёр талаар хэвтэх хогийг огт хайхрахгүй, хайхрах ч завгүй урдахаа хийцгээнэ.
Мөн хөдөө орон нутгийн замаар явахад бутны араар ороод бие засч байгаа хүмүүстэй байнга тааралдана.Хэн дуртай нь тааралдсан газраа бие засчихаад л яваад өгдөг. Тэднийг буруутгах бас аргагүй.
Орон нутгийн аль ч замд бие засах зориулалтын газар огт байхгүй. Тиймээс л бут сөөгний араар гүйж орохоос өөр арга алга байна. XXI зууны монголчууд хэдий болтол гэр гуанз, хиншүү, утаа тортог үнэртсэн хэдэн навсгар байшинд хооллож, жилийн дөрвөн улиралд байгаль дэлхийг жорлон болгож, бут, сөөгний ард “суусаар” байх юм бэ.
Байгалиа хамгаалах, хүмүүсийг ч эвгүй байдалд оруулахгүй байх, ялангуяа гаднын жуулчдын нүдийг орой дээр нь гаргахгүйн тулд хөдөө, орон нутгийн зам дагуу хог хаях цэгтэй автомашины зогсоол, дугуй засвар, бие засах газар, дэлгүүр, түргэн хоолны газар гээд хүнд хэрэгтэй бүхнийг байгуулмаар байна. Ингэвэл дотоодын аялал жуулчлал өмнөхөөсөө илүүтэй хөгжихийн зэрэгцээ хөдөөг зоригсод ч сэтгэл амар аялна шүү дээ.
Э.ХҮРЭЛБААТАР