Categories
мэдээ нийгэм

Хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах байгууламжийг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар, Дархан хотын гадна Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг шинээр барьж эхлэх зорилт тавьсан. Мөн УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон юм. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүүлэх хүрээнд Засгийн газрын 249 дүгээр тогтоол гарчээ.

Арьс, ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны долоодугаар сарын 6-ны өдрийн энэ тогтоолын нэгдүгээр зүйлийг “Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт төвлөрүүлэн байршуулсугай” гэж өөрчлөхөөр боллоо.

Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтын болон хаягдал усыг цэвэршүүлэх, ариутгах, дахин ашиглах орчин үеийн дэвшилтэд технологитой цэвэрлэх байгууламжийг байгуулах ажлыг 2014 оны арваннэгдүгээр сараас эхэлж, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай хамтран шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *