Categories
мэдээ нийгэм

Хаврын тариалалтын 74.3 хувь нь онц, сайн үнэлгээтэй байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс 2018 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллажээ.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн. Тэгвэл энэ сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тариалсан юм.

Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.

2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж, 2 дахь жилдээ хэрэгжиж байна.

Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд, 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцсон Улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалалтын технологийн талаар харилцан санал солилцсон. Энэ үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийг хийсэн. Мөн Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-уул, Увс, Ховд, Дорноговь аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлыг өрнүүлж байна. Одоогоор ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчиддаа сурталчлан таниулан, хэрэгжилтийг хангаж байна.

2017 оны ургацаас гурлын үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Түүнчлэн 2018 оны тариалалтад зориулан Тарилан эрхлэлтийг дэмжих сангаас олгох 31.8 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7 тэрбум төгрөг зарцуулж, мөнгөн бус дэмжлэг анх удаа үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *