Categories
мэдээ цаг-үе

Хаврын хахирган жаврыг хамтын хүч, халуун сэтгэлээр туулагсад

Монголын Спорт Аяллын Холбооноос жил болгон уламжлал болгон зохион явуулдаг оюутны спорт аяллын улсын аварга шалгаруулах “Туриад-2019” тэмцээн энэ сарын 8-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнийг улс орны эдийн засгийн ололт амжилт, бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд жагсдаг “Монголын Алт” МАК ХХК үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 25 жилийн ойн хүрээнд ивээн тэтгэж явуулснаараа илүү сонирхолтой, өргөн цар хүрээтэй болсон юм. Шороо, цас холилдон хуйсагнаж хүйтэн салхи хавирга нэвт үлээсэн хаврын жихүүн өдөр тэмцээний нээлт тохиосон ч өглөөний 9:00 цагт өнгө өнгийн уриа лоозон, туг далбаагаар чимэглэсэн аялагч оюутнуудын цуваа замд гарахаар жигдрэн жагссан байгаа нь цоглог агаад сүр жавхаатай харагдана.

Тэмцээний нээлтэд оролцож буй баг тамирчид “Эрүүл амьдралын эх үндэс спорт аялал мандтугай, “Спортын итгэлт түнш Монголын Алт ХХК-нд баярлалаа”, “Залуусд итгэл сэтгэлийн урам хайрласан МАК компанийн 25 жилийн ой мандтугай, “Эрүүл байгаль-Саруул орчин, идэвхтэй хөдөлгөөн спорт аялал”, “Байгаль ээжээ баярлуулж болзошгүй аюул ослоос хамгаалъя” гэх мэтчилэн аяллын спорт, ивээн тэтгэгч байгууллагаа сурталчилж баяр, талархал илэрхийлсэн утга агуулга бүхий олон төрлийн уриа, лоозон, плакатуудыг дэлгэн барьсан байгаа нь зохион байгуулагчдын зүгээс энэ арга хэмжээнд багагүй ач холбогдол өгч бэлтгэл хангасан болох нь харагдаж байлаа.

Монголын спорт аяллын холбоо нь аливаа арга хэмжээг сахилга зохион байгуулалтын өндөр хэмжээнд хэрэгжүүлж цалгарал назгайралтыг тэвчдэггүй, цаг хугацааг чанд баримталдаг гэж яригддагийн нотолгоо болж хот, хөдөөгийн их дээд сургууль, коллежийг төлөөлсөн 24 багийн 150 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч нар аялагчийн амьдрал багтсан аяны үүргэвчээ үүрэн нээлтийн ёслолд нэг ч хүн хоцролгүй баг багаараа жигдрэн жагсаж, сургууль багийнхаа нэрийг дурдан аяны замд гарахад бэлэн” гэж цовоо цолгиунаар рапорт өгч байгаа нь бахархмаар, басхүү тэднээс суралцаж, сургамж авмаар байлаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд ирсэн МҮОХ-ы гишүүн, МАЯСАХ-ны ерөнхийлөгч МУСГД. ОУХМ. Б.Жияандорж, “Монголын Алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нарт аяллын удирдагч ОУХМ Ш.Дүүриймаа рапорт өгөв. Ийнхүү “Туриад-2019” тэмцээн албан ёсоор эхэлж аялагчид 15 км-ийн зам туулахаар аяны цуваагаар замдаа гарлаа.

Адал явдалт спорт аялал нь тэмцээн уралдааны үеэр тодорхой эрсдэл гарах магадлалтай тул цэргийн сахилга зохион байгуулалт, дэг журмыг чандлан мөрдөж аюулгүй техникийн арга ажиллагааны заавар зөвлөмжийг ягштал даган биелүүлдгээрээ бусад багийн спортоос онцгойрдог. Шүүгчдийн шүглийн дуунаар хоромхон хугацаанд нэг хүн мэт нэгдэн жагсах тамирчид эгээ л тусгай сургуулилт хийсэн тусгай албаны дайчид мэт цовоо цолгиун, басхүү ялан дийлэхийн урам зоригоор жигүүрлэсэн жавхаа төгөлдөр, эрч хүчтэй харагдах ажгуу. Сүүлийн өдрүүдэд орсон цасны хүйтэн жавар шилбүүрдэн шороогоор шуурах салхи сөрөн аяны маршаар дуу хуур цуурайтуулан алхах аялагчдын урт цуваа төд удалгүй хотын төвийг ардаа орхиж Туул голыг дагаж Баянзүрх уулын ар оройг хярлан хөвөрнө. Их, дээд сургуулиудын туг, далбаа хүчтэй салхины эрчинд давлагаалан намирч харагдах нь залуусын баяр бахдал, хүсэл зоригийг алсын өндөр уулсын оргилд уриалан дуудаж байгаа гэлтэй.

Аялагч тамирчид 15 км замыг 3 цагийн дотор ардаа эвхэж Баян зүрх уулын ард “Гачуурт-Хар усан тохой”-д ирж голын хөвөөнд үдлэв. Аяллын цуваа уул, ус, мод, зүлэг, ногоо нь жигдэрч байгалийн сайхан бүхэн цогцлон бүрдсэн хатуу хучилттай спорт тоглоомын талбай бүхий спорт аяллын түшиж бааз болох “Хар усан тохой”-н, ойн чөлөөнд майханд хотхоноо байгуулан суурьшив. Аяллын байгаль хамгаалагч, галын шүүгчийн удирдлага, командаар аяны майхнууд өнгө алаглан шил шилээ харан эгнэн жигдэрч , тугийн талбай, галын, ариун цэврийн, хог хаягдлын цэг, буухиа тэмцээн, гол гатлах тэмцээний гараа, барианы шугам бусад уралдаан явагдах полигон зэргийг нэгд нэгэнгүй бэлтгэсэн нь томоохон баяр наадам болж байгаа юм шиг харагдана. Хахир хүйтэнд хөдөлгөөн багасвал хөрч даарах нь илүүтэй тул шүүгчид тамирчдыг аль болох завгүй, байнгын хөдөлгөөнтэй байлгах зорилгоор өдөртөө багтааж дахин гурван тэмцээн явуулахаар төлөвлөжээ. Эхний тэмцээн эрэг захаараа нимгэрч сэмэрсэн мөс нь хайлж дуусаагүй голыг багаараа гатлах тэмцээнд цус зарцам мөстөй хүйтэн усанд зөвхөн богино өмд шорт, майктайгаар орж унаж, тусан зарим нэг нь хөл алдан бүтэн биеэрээ хөвсөөр хором мөчтэй уралдан гарч ирж буй залуусыг хараад өмнөөс нь бие жихүүцэн эрүү дагжих шиг болж өрөвдөн халширна. Мөс цөмрөн, мөлгөр чулуунд халтирч унавч хамт олныхоо амжилтаас хойш татаж, доош чангаахгүй гэсэн сэтгэлээр хар хурдаараа гүйж голыг нааш, цааш туучин гатлахуйд эхэн үед бүх эд эрхтэн цус, чөмөг хөлдчихөв үү гэмээр хөлийн улнаас зулайн яс хүртэл янгинан чимчгэнэж эрүү, ам дагжин тагшина. Уснаас гарч ирүүтээ биеэ хорстол арчаад хуурай дулаан хувцас өмсөхөд бүх биеэр халуу түүгэж бие хөнгөрөн ухаан саруулсах шиг болно. Дараагийн учраа нь бас л хурд хүч, эв нэгдэл сорих уулын оргил эзлэх тэмцээн хүлээж байлаа. Тэсвэр, тэвчээр муутай сул дорой нэгэн бол гараа өргөж хэлээ гаргаад хэвтээд өгмөөр… Гэлээ ч аяллын спортын тоглоомын дүрэм болох “Нэг нь нийтийн төлөө – Нийт нь нэгийн төлөө” гэсэн хуулийг зөрчих эрхгүй байдгаараа онцлог юм.

Үдээс хойш салхи шороон шуурга тогтож уулын хормой голын шугуй, ой модны нөмөр нөөлөг ивээж илч муутай нар бүлээцүүлж эхэлсэн нь даарч, ядарч сульдсан тамирчдад эрч хүч нэмэх шиг боллоо. Зогсоо, сэгээгүй тэмцэлдэн өрсөлдсөн уралдаан үдшийн бүрийтэй зэрэгцэн завсарлаж галын цэгт багуудын хээрийн цай, борц ханхалсан амтат халуун хоол бэлэн болж тамирчид амсхийн алжаалаа тайлж энэ өдрийн алдаа оноо, хөгтэй явдал, паагт баримтаа ам булаалдан ярьж хөгжилдөнө.

Энэ тэмцээнд “Их засаг ОУИС-ийн “Найман замын даяанч” баг, Аварга ДС-ийн “Аялалд нэгдэгсэд”, Дархан-уул аймгийн “Уран байгаль -1” багууд магнайлав. Мөн “Хөгжилтэй буухиа” Газрын зураг зэрэг тамирчдын цөсийг хөөргөж, баяр гунигийг авчирдаг тэмцээнүүд шил шилээн даран явагдаж залуус маань цас, хялам хаялсан байгалийн хүйтнийг сэтгэлийн халуун итгэлийн хүч, бие биенээ дэмжсэн уухайн түрлэгээр үргээсэн хурд хүч, оюун ухааны өрсөлдөөн дээд хэмжээнд хүрч байлаа. Ирээдүйн биеийн тамирын мэргэжилтнүүдийг чанартайгаар бэлтгэж байгаа гэдгээ Мон-Алтиус, Аварга ДС, мөн ХААИС, Их засаг их сургуулийн багийн тамирчид энэ тэмцээнүүдэд авхаалж самбаа, онолын мэдлэг, ур чадвараараа ялгарч байлаа. Аялагч залуус маань амаргүй хүнд сорилтуудыг амжилт ялалт, алдаа, оноо, харамсал ухаарал бүхнээр чимэглэн өдрийн турш өрсөлдсөөр бас нэгэн өдрийг үдэж, үдшийн бүрийтэй золгон амсхийв. Аяллын сүүлчийн өдөр нар ээж ангир шувууд ганганасан сайхан өглөөтэй золгож шийдвэрлэх тэмцээн болох багийн лидерүүдийн “Би чадна” тэмцээнд “ХААИС-ийн 1дүгээр багийн ахлагч Э.Төмөрсүх хурд, хугацаа, хүч чадлаараа тасархай түрүүлж жинхэнэ шилдэг тамирчин гэдгээ харуулан баг хамт олныхоо амжилтыг эрс ахиулж тэргүүлэх эгнээнд магнайлж явсан Мон-Алтиусийн “Тэсрэлт” багийн ахлагчийн тарга тэвээрэг нь хэтэрсний улмаас агаарын олсон замыг туулах даалгаврыг гүйцэтгэж чадалгүй тамираа барж, хугацаа алдсаны улмаас хамт олныхоо амжилтыг нуга даран, суга хойшлуулан гуниг харуусалд автуулж, өрсөлдөгчдийнхөө баяр хөөрийг дэвэргэсэн нь “ТУРИАД” тэмцээний бас нэгэн гашуун сургамж, шударга өрсөлдөөний дүр зураг байлаа. Ийнхүү 3 өдөр олон төрлөөр өрсөлдсөн “Туриад-2019” тэмцээн өндөрлөж тамирчид хаалтын ёслолын жагсаалд жигдрэх үеэр залуусын эрч хүч, баяр хөөр, цог золбоонд уярсан хаврын хартай тэнгэр цэлмэн бүлээн нар ээж, энэ жилийн анхны борооны зөөлөн дусал шивэрч сэтгэл сүлэв. Тэмцээний нийлбэр дүн, дээд оноогоор тэргүүлсэн “Их засаг” ОУИС-ийн А.Сүхбат ахлагчтай “Найман даяанч” багт “Монголын Алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгч доктор Б.Энхмандах ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал цом, алтан медаль, мөнгөн шагналыг гардуулж хэлсэн үгэндээ: “Тус компани спорт аяллыг хөгжүүлэх, нэн ялангуяа оюутан залуучуудын бие бялдрын соёлыг дээшлүүлэх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүсч баяр хүргэсэн нь зохион байгуулагчид болон оюутан залууст урам зориг өглөө.

Амжилтын буухиаг шил даран нэхсэн ХААИС-ын 1 дүгээр баг, Өмнөговь аймгийн “Ажнай” баг, Мон-Алтиус БТДС-ийн “Тэсрэлт” баг, ҮБХИС-ийн “Үндэсний соёмбо”, “Соёмбо” багууд эрэмбэлсэн бол шилдэг зохион байгуулалттай, хамгийн олон таван баг тамирчид бэлтгэн оролцуулсан сургуулиар ШУТИС шалгарсан юм. Шилдэг дасгалжуулагчаар “Аварга” ДС-ийн дасгалжуулагч багш Г.Гантулга, Идэр ДС-ийн багш Ц.Энхсан, шилдэг аялагч тамирчнаар Улаанбаатар -ДС-ийн Г.Баттөмөр, МҮИС-ийн Б.Паахүү, БХИС-ийн Б.Даваадулам, мөн сургуулийн “Сомбо багийн Т.Мөнхзул нар тодрон Хүндэт өргөмжлөл, алтан медалийн эзэд боллоо. Зохион байгуулагчид тэмцээний хаалтын ёслолын арга хэмжээнд 35 жилийн тэртээ оюутны спорт аяллын “ТУРИАД” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн ахмад аялагч доктор, профессор СМ Ж.Гэрэлхүү, ахмад аялагч доктор Т.Энхтүвшин, доктор, СМ. Я.Жаргалсайхан, Гавьяат багш доктор Чулуун, ШУТИС-ийн проектор академич, доктор Энхжаргал нарыг урин ирүүлж тэдний спортын түүхэн дурсамж, аяллын арга туршлагыг сурталчилж залуучуудад ахмад үеэрээ бахархах тэдний залгамж халааг үргэлжлүүлэх итгэл сэтгэлийн галыг бадраасан нь ТУРИАДЫН түүхэнд мөнхрөх бас нэгэн дурсамж болон үлдлээ Төр засгаас Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлж буй зорилтыг хэрэгжүүлж залуусын спортыг дэмжин тэтгэж буй “Монголын алт” ХХК, 25 жилийн ойд нь оюутан залуус талархлаа дэвшүүлж, дараа жил бүр олуулаа дахин уулзахын ерөөл дэвшүүлэн нутаг нутгийн зүг аяны дөрөө залав.

Б.ЖИЯАНДОРЖ



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *