Монгол Улсын Засгийн газраас хорт хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээний практикт шинэ техник технологи нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Хорт хавдар нь манай гаригийн хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болдог. Өнгөрсөн онд л гэхэд 9.6 сая хүн уг өвчнөөр нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Уг өвчнөөр нас барагсдын гуравны нэг орчим нь жингийн илүүдэл, жимс, ногооны бага хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, архи уух, тамхи татах гэсэн таван хүчин зүйлийн улмаас болсныг тодотгосон байна. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр хөгжингүй орнуудад хорт хавдар илүү тархсан гэнэ. 2030 он гэхэд дэлхийд жил бүр 12 сая хүн хорт хавдраар нас барж болзошгүй гэнэ. Манай улсад элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар гурвуулаа нийлээд Монголд тохиолдож байгаа хорт хавдрын 60 хувийг эзэлж байна. ХсҮТ-ийн хэвтэн эмчүүлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч ачааллаа даахгүй ажиллаж байгаа.
Харин дөрвөн давхар өргөтгөл ашиглалтад орсноор ачаалал 30-40 хувь буурсан байна. Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар байгуулсан Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор элэг шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Мөн хорт хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн технологийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдсэн гэнэ.
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг өнгөрсөн онд шинэчлэн боловсруулж, батлуулсан. Үүнийгээ ирэх 8-10 жилд мөрдөх юм. Түүнчлэн 2020 он гэхэд элэгний С вирусийн голомтыг устгаж, халдварын тархалтыг таслан зогсоохоор “Элэг бүтэн Монгол” Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу улс даяар иргэдээ анх удаа урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулах болсон.
Үүний хүрээнд 40-өөс дээш насны даатгуулагчдад зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд, тэр дундаа найман төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж, цаг алдалгүй эмчлүүлэх боломж бүрдэх юм. ХДХВ-ийн халдвар, сүрьеэ, хөх, умайн хүзүү, элэгний хатуурал, хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчнийг эрт илрүүлэхэд шаардлагатай зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Сүүлийн үеийн судалгаанд манай улсад хортой болон хоргүй хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж. 2017 онд 6073 иргэн хорт хавдраар оношлогдож, 18053 хүн хавдрын улмаас аймаг, дүүргийн эмч нарын хяналтад эмчлүүлж байгаа тухай тоон судалгаа бий. Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчдийн 50 орчим хувийг хөдөө орон нутгийн өвчтөнүүд эзэлдэг байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Анархүү “Манай улс элэгний хавдраараа дэлхийд нэгт явж байна. Энэ бол маш харамсалтай тоо баримт. Хавдраар өвчилж байгаа хүмүүс жил ирэх тусам нэмэгдэж байна. Өвчлөгсдийн 90 хувь нь В, С вирустэй байдаг. Энэ дотроо 40 хувь нь В вирус, үлдсэн 60 хувь нь С вирус эзэлдэг. В, С вирусээр хүмүүс халдвар авснаас болж л өвчилдөг. Мөн нийт өвчилсөн хүмүүсийн 10 хувь нь архинаас болж байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн элэг хурдан өвчилдөг ба архи уудаг, илүүдэл жинтэй хүмүүсийн элэг маш хурдан өөхөлдөг. Элэг өөхөлнө гэдэг нь элэг олон сая эсээс тогтдог. Нэг эс дотор өөхөн бөмбөлөгүүд ороод шигддэг. Манай улс гурван сая хүнтэй байж ганцхан хавдрын төвтэй. Энэ жил манай эмнэлгийн хамт олноос эрхтэн шилжүүлэн суулгах талаар суралцахаар гадаад руу явж байна. 2018 онд бид элэгний эрхтэн суулгах мэс заслыг эмнэлэг дээрээ хийсэн. Энэ оноос өөрсдөө бие дааж элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх юм.
Бид энэ жилд элэгний хавдраар өвчилсөн арван хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөсөн. Элэгний хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь хожуу үе шатанд оношлогдож байна. Манайд одоогоор маш олон хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Тэрхүү хүмүүсийн 30 хүрэхгүй хувийг манай эмнэлэг хийж байна. Хавдрын эмнэлэг манайд ганцхан байгаагаас үүдэн хүмүүст хүрэлцээ бага. Боловсон хүчин, техник технологиос илүү бид баг болж ажиллах шаардлагатай байдаг. Шилжүүлэн суулгах ажилбар бол ганц мэс заслын эмчийн ажил биш, багийн ажил. Бид 2018 ондоо хагалгаануудаа амжилттай хийсэн. Энэ маань цаашид улам өргөжинө. Бид энэ жил элэгний хавдарт голчлон анхаарч байгаа. 2011 оноос хойш яригдаж байсан эмнэлгийн өргөтгөлөө бид өнгөрсөн жил хүлээж авсан. Ингэснээр хавдраар өвчилсөн хүмүүсээ хүлээж авах тоо нэмэгдсэн нь маш үр дүнтэй ажил болсон. Хагалгаа нь хүлээгдэж байгаа хүмүүсийн ачаалал буурсан хэдий ч хавдраар өвдөж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас нэмэлт өргөтгөл хэрэгтэй байна” гэв.
“ХӨСҮТ-д жилд 11000 гаруй хүн эмчлүүлдэг. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл ашиглалтад орсноор ачаалал багасч байгаа. Мэдээж манай өргөтгөл үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хүмүүстээ хүртээмжтэй ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс ХӨСҮТ-ийн хашаанд шинээр баригдсан хувийн хэвшлийн 12 давхар барилгыг авах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоохондоо ямар нэгэн шийд гараагүй байна. Гэвч манайд эмнэлгийн хэрэгцээ их байгаа. Энэхүү эмнэлгийн барилга хувийн хэвшлийнх учраас тус компани хэдэн төгрөгөөр худалдаалахыг харилцан ойлголцох хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв ч шинэ эмнэлгийн байранд орох сонирхолтой байгаа. Энэ оны эхний улирал дуусаад гурван сарын эхээр цоо шинэ туяа эмчилгээний систем суурилуулах гэж байна. Энэ бол манай ХСҮТ-д асар том дэвшил болно. Ингэснээр дэлхийн анагаах ухааны ололтыг монголчууд шууд хэрэгжүүлж чадаж байна гэсэн үг л дээ. Хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Нэн тэргүүнд өвчнийг эрт илрүүлэх нь чухал. Эрт оношлуулж, дуран болон шарах мэс засал хийлгэвэл эмнэлэгт хэвтэх ч шаардлагагүй. Эрхтэн тайруулах, солиулахгүй гэсэн үг. Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутмагаас өөрийгөө хамгаалах дадалгүй болсон байна. Хавдар хожуу шатандаа орвол өвөрмөц шинж тэмдэг илэрнэ. Өвчин зовиургүй байсан ч эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой. Оройтох тусам хорт чанар өндөр, эмчилгээний үр дүн бага, зардал их шаардана” гэж ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн тодотгож байв.
Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХӨСҮТ-ийн хажууд байрлах 12 давхар дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг байгаа. Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа хүний хувьд, хавдрын нөхцөл байдал ийм байхад дуугүй өнгөрч болохгүй. Тиймээс энэ эмнэлгийг холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлтээ өгч, боломжтой бол төрд авах саналыг Засгийн газарт оруулсан. Өргөтгөлийн барилгын хонгилд ус орсноос эхлээд иргэдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзсэн ч энэхүү эмнэлгийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэж бодож байна.
Хувийн хэвшлээс төрд хөрөнгө шилжүүлэн авах тухайд санхүүтэй холбоотой асуудлыг би ярих нь зохисгүй. Ямартаа ч олон улсын стандартад нийцсэн бэлэн эмнэлэг байхад бид энэ барилгад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Одоогоор энэ тал дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна” гэсэн юм.