Categories
мэдээ нийгэм

Хатгалд амрахаар очсон аялагчид зутарчээ

Наадмын амралт тав хоног болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд хотоос гарч амралтаа өнгөрүүлэх хандлага улам бүр нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн хэдэн өдөрт цахим ертөнцөөр “Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шатахуун түгээх газруудын бензин дууссан, АТМ мөнгөгүй боллоо. Үйлчилгээний газрууд 15-наас ажиллана. Буудлууд дүүрч, Хатгалд амралтын газар олдохгүй болсон” гэх мэдээлэл юм. Уг постийг олон иргэд хуваалцаж дотоодын аялал жуулчлалаа даахгүй байдалтай байгааг шүүмжилжээ.

Тэгвэл нутгийн иргэдтэй холбогдож энэ талаар тодруулахад арай өөр хариулт өгсөн юм. Тухайлбал, Мөрөн хотод шатахуун түгээх газрууд хэвийн ажиллаж шатахуун тасалдах явдал гараагүй гэдгийг хэлж байгаа юм. Үйлчилгээний газрууд ч наадам нь арай эрт болж өнгөрсөнтэй холбоотойгоор хоёр хоногийн өмнөөс хэвийн ажиллаж эхэлжээ. АТМ-ын мөнгө дууссан байх магадлалтай ч дахин цэнэглэж ашиглалтад оруулж байгаа юм байна.

Харин наадам тохиолдуулсан бүх нийтийн амралтын өдөр олон болсонтой холбоотойгоор дотоодын жуулчид эрс ихэссэнийг хэлцгээж байгаа. Хатгал суманд амралтын газар, майхан олдохгүй байгаагийн дээр бороо их орсон тул хүмүүс нэлээд зутарсан гэнэ. Түүнчлэн амрагчид ихэссэнээс хоол унд олдохгүй байдал гарсан байна. Мөрөн-Хатгал чиглэлийн асфальтан замд түгжрэл ч үүсч байгаа аж. Хатгал орж буй машинаас 1000 төгрөгийн хураамж авдаг пост өдөрт 8000 тасалбар зарсан тухай хэлж байна. Үүнээс шалтгаалж тус замд түгжрэл ч үүсч байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *