Categories
мэдээ нийгэм

​Хатанбулаг суманд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна гэв

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Хилийн хууль зөрчигдөж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн иргэдийн төлөөлөл, “Нутаг амь”, Ногоон хоолой” ТББ-уудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Нутаг амь” ТББ-ын тэргүүн Ц.Баттулга ярихдаа “Хатанбулаг суманд 2010 оноос хойш ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг хайгуулын 11, ашиглалтын таван аж ахуй нэгж байдаг. Бусад аймаг, сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд, Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэлт хийж замууд гаргаад байна. Энэ нь тоосжилтыг нэмэгдүүлж, нутгийн ард иргэд, малын эрүүл мэндэд хохирол учруулж байгаа юм. Салбарын хариуцлагагүй байдал, төрийн хууль хяналт сул байгаагаас иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж байна. Энэ байдалд хүргэсний төлөө хууль бус үйл ажиллагаа явуулж буй, шийдвэр гарсан компаниудыг Ашигт малтмалын тухай хуулийн 41-р зүйлийн дагуу нөхөн төлбөр төлөх, 44-р зүйлд заасан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийг шаардаж байна” гэв.

Нутгийн иргэд ТББ-ууд хамтран сум, аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч өнөөдрийн хүртэл тодорхой арга хэмжээ авалгүй, улам бүр дордсоор байгааг ИТХ-ын төлөөлөгч А.Баярсайхан хэлэв.

Мөн “Сулинхээрийн отрядаас хоёр км-ын орчимд алт угааж, мөнгөн усны бохирдол бий болгож, иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн тус сумын иргэн Б.Батбаатар хэлж байв.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *