Categories
гадаад мэдээ

Хашоггийн цогцсыг олсон гэлээ

Аравдугаар сарын 23-нд “Эх орон” сөрөг хүчний намын тэргүүн Догу Перинчек The Washington Post сонины ажилтан Жамаль Хашоггийн цогцсыг Саудын Арабын Ерөнхий консулын газраас олсон гэж мэдэгдлээ. Гэтэл өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр цогцсыг консулын газрын тэргүүнийн байрладаг харшаас олсон гэж нотолж байгаа юм. Юутай ч албан ёсоор баттай зүйл хараахан гараагүй байна.

Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган “нүцгэн үнэнийг” тун удахгүй нээх болно хэмээн амласан билээ. Сэтгүүлчийн аллагыг хэд хэдэн хоногийн турш бэлтгэсэн талаар тэрээр мэдэгдсэн юм. Өөрийг нь дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ тэрээр Истамбулын консулын газарт болсон аллагыг хатуу харгис, зэрлэг гэж нэрлээд цогцос хаана байгаа, хэн алах тушаал өгсөн болохыг ил гаргаж ирэхийг Саудын Арабынхнаас шаардсан байна. Саудын Арабын консулын газрын мэдэлд байх Mercedes-Benz E ангиллын машиныг Истамбулын Султангази дүүргээс олсон талаар CNN Turk суваг мэдээллээ. Тухайн машинаас нас барсан сэтгүүлчийн компьютер, бичиг баримт олдсон гэнэ.

Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд Эр-Рияд дахь ордондоо алагдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн гэр бүлийнхнийг хүлээн авсан тухай тус улсын хэвлэлийн агентлаг мэдээлэв. Сахль бен Ахмед Хашогги болон Салах бен Жамаль Хашогги нар хаан болон угсаа залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман нартай уулзсан ч чухам юун тухай ярьсан болох нь тодорхойгүй аж. Алагдсан сэтгүүлчийн турк гаралтай сүйт бүсгүй тус улс дахь Саудын Арабын консулын газрын гадаа ирж Жамаль Хашоггийн гэрэл зураг болон цэцэг авчран турк, араб, англи, франц хэл дээр шударга ёсыг шаардсан бичиг тавьжээ.

Аллагатай холбоотойгоор АНУ-д гэм буруутай этгэдүүдийн жагсаалтыг гаргаж тус улсад нэвтрэн орохыг хоригложээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн тухай Reu­ters уламжлав. Тус агентлагийн үзэж буйгаар Саудын Арабын 21 хүн энэ жагсаалтад багтсан болов уу. Ийм хориг арга хэмжээ нь сүүлчийнх биш гэдгийг төрийн нарийн бичгийн дарга онцолжээ. 2012 онд АНУ-д “Магнитскийн хууль” гэгчийг баталсан бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт холбогдуулан хориг арга хэмжээ авах эрхтэй болдог юм. 2016 оноос эхлэн ямар ч улсын иргэнийг энэ хоригт оруулах боломжтой болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *