Электроникийн инженер Болдын отгон охин Уянга багаасаа аавыгаа дагаж эрэг боолт чангалж эршүүдхэн өсчээ. Энэ чанар нь нөлөөлсөн үү, эрчүүдийн хүчээ сорьдог геологийн салбарт дурлах болсон байна. Тэрээр хөдөө хээрээс чулуу түүж, ууланд явах дуртай. Цүнх дүүрэн чулуу үүрээд алхахдаа түүртэхгүй шүү дээ гэж эгч нь ярилаа. Туслахыг хүссэн эрчүүдэд “Би өөрийнхөө ачааг өөрөө үүрнэ” хэмээн хэлчихээд алхчихдаг байсан гэдэг.
“Рио тинто”-д ажиллаж байсан геологич бүсгүй Харвардын их сургуульд саяхан доктор хамгаалжээ. Харвардад геологийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан хоёр дахь эрдэмтэн юм байна. Б.Уянга нь 2007 онд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг геологич мэргэжлээр төгсч, дэлхийн уул уурхайн акул компанийн нэг “Рио тинто”-д геологичоор ажиллаж байгаад ШУТИС-д магистр хамгаалжээ. Хоёр жилийн өмнө Харвардад мастер хамгаалж, энэ жил доктор болсон байна. Түүний доктор хамгаалсан сэдэв нь “Баруун өмнөд Монголын геологийн хөгжлийн түүх”. Тэрээр “Энэ сэдвийг регионал түвшинд судалснаар цаашид энэ сэдвийг үргэлжлүүлж судлах, геологийн бусад салбартай холбох үндэс нь болж байгаа” гэж эрдмийн ажлаа тайлбарлав.
“Би хийсэн судалгаагаа балчир хүүхдүүд ч ойлгоосой гэж хүсдэг. Аав, ээжтэйгээ Монголоороо аялахдаа олсон мэдлэгээ ашиглаж, цаашдаа илүү ихийг судлах, сурах хүсэх мөрөөдөлтэй болчихвол хэчнээн сайхан билээ. Монголчуудын оюуны чадамж өндөр. Тийм ч учраас бусдад мэдэхгүйгээсээ болж алдаж байгаа олон боломжийг гаргаж өгөхийг, Монголдоо амьдраад ирээдүйд их юм хийж чадах хүүхдүүдэд боломж нээж өгөхсөн гэж боддог” гэв.
Наймдугаар ангиа төгсдөг жилээ дунд сургуулийн хүүхдүүдийг Америкт сургадаг “Сорос-ийн сангийн тэтгэлэг”-т хөтөлбөрт шалгалт өгч тэнцжээ. 2002 онд АНУ-ын Миннесота мужид анх удаа хөл тавьж байсан гэнэ. Тухайн үед 16 настай байсан Б.Уянга охин Америкийн ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийг төгсөж Монголдоо ирээд ШУТИС-д геологич мэргэжлээр сурсан аж.
Түүний ээж нь ШУТИС-ийн геологийн багш С.Оюунгэрэл. Ээж нь охиныхоо талаар “Миний охин бүх хичээлдээ жигд сайн байсан. Англи хэлээ маш сайн сурсан болохоор Харвардын их сургуулийн ангийнхан нь америк охин гэж боддог байсан. Охин маань ШУТИС-ийн оюутан байхдаа Оюутны зөвлөлийн даргаар сонгогдож, оюутны сургалтын төлбөрийг зөвхөн нэгдүгээр курсэд нэмэгдүүлэх тогтсон жишгийг бий болгож чадсан. Үүгээр нь би маш их бахархдаг” гэж ярьсан юм.
Б.Уянга ШУТИС-ийн хоёрдугаар курст байхдаа Америкт, гуравдугаар курстээ Япон улсад геохимийн чиглэлээр, дөрөвдүгээр курстээ Оклахомагийн “Тулса”-гийн их сургуульд мэргэжлээрээ дадлага хийж байж. Тэр Харвардад сурч байхдаа монгол оюутнуудад мөн ийм боломж олгохыг зорьж, дөрвөн жилийн хугацаанд ШУТИС-ийн найман оюутныг Харвардын их сургуульд сарын хугацаатай дадлага хийлгэсэн байна.
“Рио тинто”-д ажиллаж байсан бүсгүй “Монгол Улс уул уурхайн хөгжлийг нэг их боогоод байх шаардлагагүй санагддаг. Америкийн нэгдсэн улс гэхэд алт болон эрдсийн ордуудаа олборлоод дуусчихсан. Өндөр хөгжилтэй орнууд ордуудаа хаагдмагц музей болгоод аялал жуулчлалаа давхар хөгжүүлчихдэг юм билээ. Тэртэй тэргүй дэлхий даяараа дулаарал явагдаж байхад зөвхөн уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж байна гэх мэт ул үндэсгүй зүйл бичиж, шүүмжлээд байж болохгүй л дээ” хэмээн бодлоо хуваалцсан юм.
Мөн тэрээр “Монголдоо их дээд сургуулиа төгсөөд гадаадын их дээд сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалах нь судалгааны ажлаа Монголтойгоо холбож, Монголынхоо хөрсөн дээр буулгахад их дөхөмтэй. Ядаж л энэ чиглэлээр судалгаа хийдэг сайн багш нараа мэддэг, тэдэнтэй хамтран ажиллаж харилцан суралцах боломжтой болдог” гэж залууст зөвлөлөө. Тэр Баруун Монголыг Казахстан руу холбосон регионал геологийн төсөл дээр ажиллахаар төлөвлөөд байгаа юм билээ.
Б.НАРАНЧИМЭГ