Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё өндөрлөхөд хоёр өдөр үлдээд байна. Өнөөдөр Монголын хоёр их аварга учраа тааран барилдлаа. 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байсан бол Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж ганцхан унаатай байсан юм. Ийнхүү их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Их аварга М.Даваажаргалыг ёритауши мэхээр давлаа. Ингэснээр 13 дахь өдрийн дараагаар хоёр их аварга маань адилхан 12 даваа, нэг унаатай болж байгаа юм.
Харин өнөөдөр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Какүрюү М.Анандыг давснаар 7 даваа, 6 унаатай болсон бол Какүрюү М.Ананд 8 даваа, 5 унаатай боллоо. Ичиножёо А.Ичинноров Шохозанд ёрикири мэхээр өвдөг шороодсоноор 5 даваа 8 унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил Ёидог ошидаши мэхээр давж, 6 даваа 7 унаатай болжээ. Харин Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар Чиёоторид ёрикири мэхээр ялагдсанаар 8 даваа, 5 унаатай боллоо. Асасекирюү Б.Дашням Хомарафужид ёрикири мэхээр унаснаар 3 даваа 10 унаатай боллоо.