Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хариуцлагын гэрээ”-г 2510 ААН, иргэн байгуулав

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амсаж ирсэн тул тэдний саналыг харгалзан үзэж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан вакцины 2 тунтай иргэдэд бар, пабаас бусад хоолны газар, ресторан, кофе шопууд залаар үйлчилж болох шийдвэрийг НОК-оос гаргасан.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр /2021.06.26/ ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах “Зөвлөл”-өөс “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ГҮТББ болон аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгууллаа. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо.

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэн байгууллаа.

Иргэд, ААН-үүд гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй, Ковид-19 халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг мөрдөөгүй, ширээ хоорондын зай бариагүй, хүний бөөгнөрөл үүсгэж үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлсэн, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулсан, халдварын эсрэг бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *