ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….
Аав, ээжүүдийн мэдэхэд илүүдэхгүй нэг мэдээлэл байна. Хэсэг судлаач гэрт нь түймэр гарах үеэр хүүхдүүд яагаад эндээд байгааг судалж л дээ. Гэхдээ Монголд биш Америкт. Түймэрт эндсэн хүүхдүүдийн ихэнх нь хэзээ хойно хаалганы араас, орон дороос олддог нь судлаачдыг гайхашруулсан хэрэг. Эцэст нь өнөө судлаачид гэртээ ганцаараа байгаа хүүхдүүд гал сөнөөгч ороод ирэнгүүт хувцаснаас нь сүрдэж харь гаригийн ч юм уу, өөр ямар нэгэн аюултай, нуугдах ёстой хүн гэж бодоод нуугдчихдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь хүүхдүүдэд гал сөнөөгчийн хувцастай хүний зураг харуулахад ихэнх нь “харь гаригийн хүн”, “кинон дээр гардаг аймаар ах”-тай зүйрлэж байж. Гал сөнөөгч хүнд хаалга, цонх эвдэж орох шаардлага гардаг тул гартаа алх, сүх мэтийн “зэвсэг” атгадаг. Ингээд л гал сөнөөгчид хүүхдүүдэд “хадны мангаа” болж харагддаг гэж судлаачид үзжээ. Одоо бол хөгжилтэй улсуудад гал гарах үед ийм хүн орж ирж авардаг гэдгийг заадаг тусгай сургалтуудыг аав, ээжүүд хүүхдүүддээ зориулан авдаг болсон юм билээ. Манайд ч гэсэн хэрэгжүүлж болохоор санаа. Байрны айлуудын хувьд гэхэд гэртээ ганцаараа үлдээд цонхноос унаж амиа алдсан балчруудын талаар эмзэглэмээр мэдээ байсгээд сонсогддог. Өндөр байшингийн цонхны аюулаас эхлээд гал сөнөөгчид гэж ийм хүн гэх мэтийн наад захын олгох мэдлэг өчнөөн байна.
Ц.БААСАНСҮРЭН