“Харанга” хамтлагийнхан Европийн улсуудад аялан тоглолт хийхээр болжээ. Тэд өөрсдийн 25 жилийн ойн хүрээнд гадаадад амьдарч байгаа Монголчууддаа ийнхүү бэлэг барихаар болсон байна.
“Харанга” хамтлагийн уран бүтээлчид нөгөөдөр буюу араваннэгдүгээр сарын 5-нд Европыг зорих гэнэ. Эл тоглолтонд “Харанга”-ынхан шилдэг бүтээлүүдээсээ үзэгчиддээ хуваалцах бөгөөд бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болсон бололтой. Тэдний тоглолтыг гадаадад амьдарч буй Монголчууд зохион байгуулж байгаагаараа онцлогтой ажээ.
Дашрамд сонирхуулахад тэд эл аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглох гэнэ. Ингээд энэ тухай тус хамтлагийн бөмбөрчин Пүүжээгээс тодруулсан юм.
-Хэдийгээр Европыг зорих вэ?
-Нөгөөдөр явах гэж байгаа.
-Уг тоглолтын төлөвлөгөө ер нь хэзээ гарсан бэ?
-Өнгөрсөн зун гэхэд төлөвлөгдчихсөн байсан.
-Монголчууд зохион байгуулж байгаа юу?
-Тийм шүү. Гадаадад амьдарч байгаа Монголчууд маань зохион байгуулж байгаа. Бид мөн энэ аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод очиж тоглохоор болсон.
-“Харанга” хамтлагийн 25 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа төслийн нэг хэсэг юм аа даа. Тоглолтынхоо товыг гаргасан уу?
-Тийм. “Харанга” хамтлагийнхан маань 25 жилийн ойн баяраа гадаадад амьдарч байгаа Монголчууддаа хуваалцаж байгаа гэх үү дээ. Тоглолтын тов гарсан. Арваннэгдүгээр сарын 8-нд Швейцар, 14-нд Белги, 15-нд Франц, 16-нд Испани, 21-нд Швед, 24-нд Лондон хот дахь монголчуудтайгаа тоглолтоороо уулзах болно.