Хараагүй иргэдэд зориулан барьж буй 90 айлын орон сууцны ажил ирэх сар гэхэд дуусна хэмээн албаныхан мэдээллээ. Одоогоор барилгын ажил 90 хувьтай явж байгаа аж. Монгол Улсын хувьд хараагүй иргэдэд зориулан тусгайлан барьсан орон сууц байгаагүй юм.
Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүй иргэдийн үйлдвэрлэл, сургалтын төвийн дэргэд уг орон сууц байрлах юм. Ингэснээр хараагүй иргэд үйлдвэрийнхээ дэргэд гэртэй болж, олон бэрхшээлээс ангижрах юм байна. Учир нь тус үйлдвэрт ажилладаг хараагүй иргэдийн дийлэнх нь Амгалан, Баянхошуугаас өдөр бүр ирдэг. Тэр хэрээр өдөр бүр машин тэргэнд дайруулах, траншей, жалганд унах эрсдэлтэй ойрхон байдаг гэдгээ учирлаж байсан юм.
Энэ талаар Хараагүйчүүдийн төвийн захирал З.Болдсайхан “Манай хараагүй иргэд бусад орон сууцны хөтөлбөр, мөн найман хувийн ипотект хамрагдаж чаддаггүй. Тийм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгайлан халамжийн орон сууц барьж орон, сууцаар хангах нь туйлын чухал. Үүнийн нэг том эхлэл, анхдагч нь манай барилга болж байгаад баяртай байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид бол шууд орно. Үлдсэн байранд нь Хараагүйчүүдийн үндсэн холбоогоор дамжуулаад гишүүдээсээ өргөдөл аваад, тодорхой материал бүрдүүлээд Хараагүйчүүдийн зөвлөл дээр хэлэлцэж байгаад тодорхой шалгуур хангасан иргэдийг байранд оруулна. Өөрөөр хэлбэл, ам бүл, амьжиргааны түвшин, өөрийн гэсэн орон сууцгүй зэргийг харгалзан үзнэ” гэж мэдээлжээ.