Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг асрамж халамжийн үйлчилгээнд хамруулна

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамж гаргасан байна. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа, гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах боломжгүй тохиолдолд халамж асрамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг зэрэг хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Захирамж гарсантай холбогдуулан дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Мөн асран хамгаалагчид буцаах боломжгүй хүүхдүүдийг халамж асрамжийн төвүүдэд байрлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болгосон аж.
Арга хэмжээнд шаардагдах найман сая 171 мянган төгрөгийг тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар болж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайд даалгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *