Categories
мэдээ нийгэм

Хар ус нуур орчмоос таван машин архи, ундааны шил түүж цэвэрлэжээ

Ховд аймгийн төв Ховд хотод тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй Хүнсний дэлгүүр, мини маркет нэртэй архины дэлгүүрүүд бий. Дэлгүүрүүдэд архи, пиво, ундаа Камаз машинаар ачиж ирж буулгадаг. Эдгээр буулгасан бараа бүтээгдэхүүн худалдан авалтын тоогоор нь үзэхэд тэр хэмжээгээр архи, пивоны шил, сав хог хаягдлын хүрээг тэлж, орчныг бохирдуулж байна.

Орон сууцны СӨХ-ийн үйлчлүүлэгч нарын ярьснаар архи, ундааны сав, пивоны сав хог хаягдлын дийлэнх хувийг эзэлдэг, овор ихтэй, тээвэрлэх, зөөхөд бэрхшээлтэй байдаг тухай хэлж байна.

Ховд хотын хэмжээнд хог хаягдлын 80 хувийг архи, ундааны сав, пивоны лааз эзэлдэг, үүнийг ангилан ялгаж, тухайн дэлгүүрт нь буцааж тушаадаг болгох талаар удаа дараа хурал, зөвлөлгөөн дээр ярьдаг боловч хэн ч үүнийг хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн.

Ховд аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаан дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар “ Архи, пиво зардаг зөвшөөрөл лиценцтэй томоохон супер маркетууд худалдаж борлуулсан архи, пиво, ундааны савыг буцааж худалдаж авдаг байх санал тавьж байсан юм”. Мөн Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа ”Дор хаяж архи, пиво, ундааны шилээ хагалж хог болгохгүй бүрэн бүтнээр нь байлгаж ойролцоо хогийн саванд хийж хэвших, пиво ундааны сав, илүүдэл цаасыг гялгар уут болон тамхины иш хогийн саванд хийдэг болгох нь чухал. Хятадын Хунань мужийн нутаг Жанжнажэ хотод очиж нүдээрээ үзээд ирсэн хүн тэнд хогийн саваа савандаж угааж байна, ганц ширхэг тамхины иш, гялгар уут алга байна” гэснийг зориуд тэмдэглэе.

Гэтэл Ховд аймгийн хамгийн үзэсгэлэнт газар Хар ус нуурын орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил ачиж цэвэрлэсэн байдаг. Архины шил хотын төвөөр хязгаарлагдахгүй үзэсгэлэнт байгаль, гол усыг бохирдуулж байна.

Насан туршдаа, тэр бүү хэл хэдэн үедээ яригдаад шийдэж чаддаггүй хогны асуудал дарга нарын шүдний өвчин байсаар ирсэн. Тэгвэл Ховд хотын хогийг нийтэд нь менежементийг нь шийдэж чаддагүй юм гэхэд олны танил томоохон супермаркетуудын эздийг дуудаж уулзаад, тухайн дэлгүүрүүдэд архи, пивоны савыг буцааж авч, өөрсдөө түүнийгээ зохицуулдаг болгож хэвшүүлмээр байна гэдэг саналыг иргэд олон удаа тавьж байна.

Ганц манай аймаг ч биш, бусад бүх аймаг сумдад архи зардаг дэлгүүрүүдийн борлуулсан архи, ундаа, пивоны шил сав хог хаягдлын хүрээг тэлж, орчныг бохирдуулах гол эх үүсвэрүүд болж байгаад хууль, журмын хүрээнд зохицуулах цаг болсон санагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *