Categories
мэдээ цаг-үе

Хар тамхины эсрэг тэмцлийг “хар шилтэн”-үүдээс эхэлье

Хар тамхи байнга хэрэглэж мансуурч байгаа хүний тоо 76 мянгад хүрээд байгаа. Өнгөрсөн жил Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хамтарч судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар нийт 76 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж мансуурч байна. Үүний 60 гаруй мянга нь өсвөр насны хүүхдүүд болон 19-35 насны залуус байна гэх нарийвчилсан судалгааг гаргажээ. Хууль хяналтын байгууллага мансуурагчдыг хяналтаасаа алдаад олон жил болж байгааг холбогдох газрынхан хүлээн зөвшөөрдөг болсон. монголд хар тамхинд мансуурагчдын тоо 2005 оноос өмнө тэгтлээ их биш байсан. Анх урлагийнхан хар тамхи хэрэглэж, ар араасаа цагдаа нарт баригдах болсон. Мөн мансуурах нь хамгийн дээд мэдрэмж авдаг. Хамгийн гоё зүйл нь мансуурах гэх утга агуулсан дуу хийж, түүнийгээ олон нийтэд түгээх болсон. Тайзан дээр гарч ирээд л “Нүдээ аниад тэнгэрт нис. Хүчтэй сороод үз мансуурна, чи” гээд л дуулах болсон. Түүнчлэн олны хайр хүндлэлийг хүлээсэн дуучид хар тамхи хэрэглэж байгаа талаарх яриа 2000 оны дунд үеэс эхлэн урлагт анх хөл тавьж байгаа залуусын дунд гарч байсан. Сүүлдээ дуучдын хар тамхи хэрэглэж байгаа нь өсвөр насны сурагч, залууст хүрч эхэлсэн байдаг. Дуучид хар тамхи хэрэглэж эхэлснээс хойш монголын хүүхэд, залуус хэдэн мянгаараа хар тамхинд орж донтох болсон байдаг. Тэгвэл хар тамхины хэргээр сүүлийн гурван жилд хэдэн хүн шалгагдаж байгаа талаарх мэдээллийг хүргэе. 2014 онд нийт 61 хэрэгт 53 хүнийг холбогдуулан шалгасан бол 2015 онд 79 хэрэгт 168 хүнийг шалгасан байдаг. Тэгвэл өнгөрсөн 2016 онд 109 хэрэгт 224 хүн мансууруулах төрлийн гэмт хэрэгт шалгагдсан байх юм. Одоогоор 13 улсад манай улсын 114 иргэн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээг Гадаад харилцааны яамнаас өгч байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд жүжигчин Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн хар тамхи хэрэглэсэн үедээ 12 давхар байрнаас унаж амиа алдсан. Тэрээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас унаж амиа алдсан байдаг. Тус байр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэр байсан бөгөөд хэрэг гарах үед байранд 11 залуу хоносон байдаг. Тэдний хоёроос бусад нь хар тамхи хэрэглэж мансуурсан болохыг Шүүх эмнэлгээс хийсэн шинжилгээгээр тогтоосон. Мөн залуусын байрласан гэрээс хар тамхи, тариур зэрэг эд зүйлс нэгжлэгийн үед олдсон билээ. Талийгаач Б.Хүслэн 22 настай, харин найзууд нь 21-28 насныхан. мөн дээрх хэргээс хэдэн сарын өмнө 18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн амиа алдсан байдаг. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд эмчилгээ авалгүй байсаар амиа алдсан. Талийгаачтай хамт 18-22 насны хоёр залуу мансууруулах төрлийн бодис болох каннабисыг татаж, мансуурсан болохыг цагдаагийнхан тогтоосон. Талийгаачийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхитай холбоотойгоор амиа алдсан залуусын хэргийг сөхөхөд дундаршгүй. Учир нь Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газарт хар тамхи байнгын хэрэглэдэг 17 мянга орчим хүн бүртгэлтэй байдаг аж.

ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ТӨРИЙН БОДЛОГО

Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны хуралдаанаараа “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр ажиллах төрийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах явдал юм. Мөн үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын энэ төрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөн Хар тамхитай тэмцэх газар болгосон билээ. Тэгвэл дээрх газар хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг гуравдугаар сарын 13-26-ны хооронд илрүүлж баривчилсан байдаг. Тухайлбал, 50 настай эмэгтэй Б гэгч гуравдугаар сарын 17-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж борлуулж байхад нь 38 настай эрэгтэй А, 33 настай эрэгтэй Э мөн Г гэгч эмэгтэйн хамт саатуулсан.Мөн 35 настай эмэгтэй Х гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 23-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 70 гр орчим хар тамхи нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн. 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Э, 29 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй А нар гуравдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 14 гр орчим хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн. Түүнчлэн 37 настай эрэгтэй А, 24 настай эмэгтэй М нар нь гуравдугаар сарын 26-нд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 45.41 гр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн байдаг. Мөн энэ сарын эхээр 37 настай эмэгтэй О, 37 настай эмэгтэй А нар нь 40 гр орчим хар тамхи, мансууруулах бодисыг 31 настай эмэгтэй М, 30 настай эмэгтэй М нарт зарж борлуулсан хэргийг тус тус илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.Ямартай ч дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр бодит үр дүнгээ өгнө гэдгийг албаныхан хэлж байна. Гэхдээ хар тамхины эсрэг ганцхан цагдаагийн байгууллага бус төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо маш чухал гэдгийг онцлон хэлж байгаа.

ХАР ТАМХИТАЙ ХОЛБОГДСОН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛЪЁ

Монголын рок попынхон 2006 оноос хар тамхитай холбогдох болсон. Ингэхдээ “Ice Top” хамтлагаас эхлэлтэй гэж үздэг. Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар хар тамхитай холбогдож шүүхээс ял сонссон. Тэд өмнө нь ял эдэлж байсан түүхтэй. Ш.Батбаяр 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар буюу садар самууныг сурталчилсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гурван жилийн ял сонсч байсан юм. Шүүх түүнд оноосон ялыг тэнсэн харгалзаж, ялтай хугацаа 2001 онд дуусч байсан билээ. Дараа нь 2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсон. Ингэж хоригдож байхдаа буюу 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байдаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөг санаатайгаар галдан шатаасан хэрэгт холбогдсон. Тухайн үед түүний ойрын хүмүүс “Бааварыг гаднаас нь галдан шатаасан” талаар мэдээлэл хийж байсан ч өөрөө гал тавьсан болох нь тогтоогдож ял сонссон боловч давж заалдах шатны шүүх түүнийг цагаатгасан. Гэвч түүнээс хойш нэг их удалгүй Чойрт тоглолтоор явах үедээ “Ice top” хамтлагийн гишүүдтэй хамт цагдаагийнханд баривчлагдсан байдаг. Баривчлагдах үедээ цагдаагийн албан хаагчийн биед халдаж шүүхээс дахин ял сонссон. Шүүх хуралдааны үеэр тэрбээр “Би урлагт зүтгэж, олон залууст үлгэр дуурайл болж байгаа. Намайг зохион байгуулалттайгаар яллаж байна” гэж мэдүүлсэн байдаг. Харамсалтай нь түүний үлгэр дуурайл өсвөр насныхныг хар тамхи, гэмт хэрэгт уруу татах магадлал өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж, ард түмэн шүүмжлэх болсон.Мөн “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайбаатар танхайн хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял шүүхээс сонсож байжээ. Гэтэл тэрээр тэнсэн ялтай байхдаа мансууруулах бодис хэрэглэжээ. Тодруулбал, Чойрт тоглолттой явах үеэр түүний машинаас “Ice” буюу мөсний төрлийн мансууруулах бодис олдсон байдаг. Мөн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг. Тиймээс Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар ял оноож, өмнөх тэнсэн харгалзах ялтай нь нэгтгэн 3.6 жил хорих ял оноосон байдаг. Мөн “Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын “Extacy” хамтлагийн нэг гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон. Тэрээр хар тамхи татсан бөгөөд мөрдөн байцаагчид “Манай хамтлагийн нэр угаасаа хар тамхины нэр. Мэдээллийг хаанаас бол хаанаас олж авч болж байна” хэмээн мэдүүлсэн гэх боловч хэргийг нөлөө бүхий эрхмийн хүсэлтээр тухайн үед хаасан гэдэг. Мөн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан. Гэвч түүнд хожим Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэг олгосон. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн мөн л хар тамхи хэрэглэсэн, бусдад дамжуулсан хэрэгт холбогдож нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Мөн Дижи Өөжий буюу Б.Ганболд гэх залуу Монгол Улсын хилээр удаа дараа хар тамхи оруулж ирсэн болох нь тухайн үед нотлогдож байсан удаатай.

Ер нь “Ice Top”, “Guys”, “А-Сареllа” зэрэг тухайн үедээ “од” болж байсан хамтлагууд хар тамхитай холбогдож байсан нь түүх болон үлдсэн байдаг. Тэд Монголын олон мянган залуусыг хар тамхи хэрэглэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн. Дууг нь сонсдог, шүтэн биширдэг дуучин, хамтлагийнхан хар тамхи хэрэглээд эхлэхээр тэднийг даган дуурайх болсон. Монголын нийгэмд бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуусын амьдралд хар толбо авчирсан дуучид өнөөдрийг хүртэл огт хариуцлага хүлээгээгүй. Харин тэд өдгөө ч уран бүтээл хийсээр байна. Нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх урлагийнхныг хар тамхитай холбогдсоных нь төлөө хариуцлага тооцдог байвал яасан юм бэ. Энэ талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн “Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн” гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон” хэмээн саяхан дуугарсан. Гэтэл манайд хар тамхи хэрэглэдэг байсан эсэх нь хамаагүй харин ч уран бүтээлийг нь хийлгэж, шагнаж урамшуулж, өөгшүүлсээр байна. Товчхондоо хар тамхиныхаа мөнгийг олоход дэмжиж байгаа. Үнэндээ телевизээр гэгээн цагаан өдрөөр тас хар шил зүүсэн урлагийн тодотголтой нөхдүүд таахалзаж ирээд л ярьдаг.Тэд хар тамхи хэрэглэдэг болоод магадгүй шил зүүж байж мэдэх юм. Учир нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд хамгийн түрүүнд нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгдөг байна. Үүний дараа нь сэтгэцэд нөлөөлнө. Улмаар бие нь хамааралд орж уналт таталт өгч эхэлдэг бөгөөд эцэстээ эрүүл нэг ч эрхтэнгүй болдог талаар мэргэжлийнхэн онцолсон. Тэгвэл хар шилтэй урлагийн нөхдүүд маань мансуурсан, улайж, талимаарсан, гөлийсөн харцаа үзэгчдээс нуух гэж дээрх аргаа хэрэглэдэг юм болов уу гэх хар төрөх. Ямартай ч хар тамхитай холбогдсон урлагийнхныг тайзан дээр гарахыг хориглох нь хүний эрхийг зөрчих гээд байгаа тул энэ төрлийн хариуцлага тавьж чаддаггүй гэдгийг хууль, хяналтынхан хэлээд байгаа. Хэрвээ тийм юм бол хар тамхитай холбогдсон уран бүтээлчийг урьж, залсан, тоглолт зохион байгуулсан байгууллагад нь хариуцлага тооцдог болъё. Хүүхэд залуусыг анх хар тамхинд уруу татсан дуучид, хамтлагуудаас эхэлж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм. Эх үндсээс нь эхэлж хар тамхитай тэмцэж чадвал олон мянган хүүхэд залуусын ирээдүйд гэрэл гэгээ өгөх юм. Хар тамхи хэрэглэж ял шийтгэл авсан дуучдыг тайзан дээр гаргахгүй, уран бүтээл хийх эрхгүй болгох хэрэгтэй юм. Нийгэм даяар хар тамхи хэрэглэсэн бол олны танил байсан ч гэсэн хэн ч биш болдог юм гэдгийг ойлгуулах нь гол юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *