Categories
мэдээ нийгэм

Хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмжийг аймгуудад ашиглаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх тандан судлах, орчин үеийн дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмжөөр хангах, бүтэц орон тоог өргөтгөж, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг соён гэргээрүүлэх, хор уршгийг таниулах чиглэлээр ажиллаж байна.

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, илрүүлэхэд хамгийн чухал зүйл бол олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи юм. Манай цагдаагийн байгууллага олон улсын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа орчин үеийн дэвшилтэд техник, технологийг судалж 2018 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгөөр АНУ, Англи улсад үйлдвэрлэсэн TARGET ID, HBI-120, SABRE™5000 зэрэг төхөөрөмж, уян камертай толь, загварын аналитик жин, рентген төхөөрөмж, шээснээс илрүүлэгч тест зэргийг худалдан авч ашиглаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтэст хар тамхи, мансууруулах болон тэсэрч дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, алба хаагчдыг нь сургалтад хамруулжээ.

Замын цагдаагийн албаны алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны шүлсний тестийг ашиглаж байгаа юм. Тэрчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар болон бусад төрийн байгууллагын ажилтан алба хаагч нар, их, дээд сургуулийн оюутнуудад тогтмол сургалт зохион байгуулж хэвшсэн байна. Хар тамхитай тэмцэх газраас чиг үүргийнхээ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллаж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтнуудад сургалт зохион байгуулдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *