Categories
мэдээ цаг-үе

Хар гивлүүрт бүсгүйчүүд буюу нууцлахын үнэ цэнэ

“Хар нөмрөгөн доор

Хайраа нуухыг бодоход

Хаан лав түүнийг алтаар авсан байх даа

Торон дотор явахыг бодоход

Тогос байж дээ тэр хөөрхий

Урвахгүй гэж худлаа хэлчихээд нисчихсэн

Урьд цагийн шувуу явж дээ тэр бүсгүй…”. Олон жилийн өмнө бичиж байсан шүлгийн энэхүү гэнэн мөрүүдээ бататгаж харах завшаан Монгол Улсын Их Хурлын даргын Арабын орнуудад хийсэн айлчлалын үеэр тохиож Булангийн орнуудын хаалганы цаад руу өнгийх уран бүтээлчийн сониуч зан цухалзангуй явсан маань бас шинэ ертөнцийг нээсэн мэт сониучирхлыг төрүүлж байлаа. Мэдээж төрийн айлчлал өндөр хэмжээнд болсон. Очсон орны бүх л эрхэм дээдсүүд, Их хурлын дарга, холбогдох сайдууд Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалыг ихээхэн ач холбогдолтойд үзэж, хамтран ажиллах, харилцан туслалцах зэрэг хоёр орны хоорондын албан хэлцлээс илүүтэй дэлхий ертөнцийн өнөөгийн байдал, дайн дажин, энх тайван, улс орнуудын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж чадсан нь манай хурлын даргын зангаргийг харуулаад зогсохгүй харилцааны итгэлцлийг төрүүлсэн, хамтын ажиллагааг ахиулсан айлчлал байснаараа онцлог болов.

Бадар барьж явлаа гэж баахан шуугив. Гуйхаасаа ичдэг атлаа олоод ирснийг идэхээсээ ичдэггүй нь эдүгээ монгол хүний ходоодны “шарх” болоод байна. Зээл тусламж, хандив гээд бэлэн хоолны “таргалалт” тархины тураалаас илүү гамшгийн байдалд хүрснийг эрх мэдэлтнүүдийн суудлын өвчин, ард иргэдийн хөдөлгөөний дутагдал харуулж байгаа. Сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол зэрэг нийгмийн чиглэлийг хамарсан асуудалд энэхүү айлчлалын баг бүрэлдэхүүн “нүүрээ ширлэсэн нь” амиан хичээсэн үйлдлээс ангид болж чадсан юм. Тухай бүрт мэдээлэл хүрсэн тул улиглан өгүүлэх нь илүүц биз ээ.

Монгол хүн булан тохойн айл гэж бусдыг хэзээ ч өнцөгдүүлэн нэрлэдэггүй. Тэгэхээр монголчууд бид лав дэлхийнхээ энэ бөөрийг тийн баримжаалж нэрлээгүй байх. Ямартай ч дэлхийн эл өнцөгт тодруулбал, саарал өнгөт энэ буланд Арабын 20 гаруй улс бий. Шаам, Магрибын орнууд гэж хуваагддаг. Олон түмний хэлж сурснаар Булангийн орон гэдэгт зургаан улс харьяалагддаг. Тэднээс Саудын Араб, Эмират, Кувейт улсуудын хөгжил дэвшил, соёл иргэншлийг анзаарч явахад нэгэн агаар хуваан орших, хувь тавилангийн зайлшгүй эргүүлгэнд багтаж яваа улс үндэстэн хичнээн онцгойровч хөрсөн дээр цугтаа “амьдардаг” зүй тогтлоос гажих эрхгүй болохыг илүүтэй мэдэрч байлаа.

Эль-Кувейт хотын гудамж өдрийн цагт тийм ч амьсгал давчдам хүний хөлд дарагдаад байдаггүй. Харин үдээс хойно бол ялангуяа ууш зуушийн газар бүл, хэсэг нөхдөөрөө бужигналдаад эхэлнэ. Халамцуу юм уу гэлтэй чангахан дуугарах эрчүүдийг харвал бүгд л хаан мэт сүр, дүртэй эздийг илтгэнэ. Архи дарс энэ нутагт нүдний гэм. Уусан хүн шууд л гэмт хэрэгтэн. Архи дарсаар сэтгэлийнхээ ямар нэгэн тайтгарлыг олно гэсэн сэтгэхүй огт байхгүй. Нууж оруулж ирээд сэмхэн татах гэвэл тэнд яс махтайгаа хатах л болох байх. Тийм ч учраас гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, осол эндэл бараг л байхгүй гэхэд болно.

Нүднээсээ өөр гялалзах зүйлгүй хар нөмрөгт хижээл насны хоёр эмэгтэй тэврэлдэн ихэд дотносон салж ядахыг хараад мэл гайхлаа. Орчуулагч залуу энэ хоёр бараг 40 жил таарсангүй, ямар сонин хүн бэ гээд бие биенээ хачирхаж байна гэхийг сонсоод бүүр ч гайхав. Анх 20 орчим насандаа уулзахдаа мэдээж хар гивлүүртэй байсан нь тодорхой. Ам хамар, чих , хүзүү гээд эмэгтэй хүний гоо сайхны бүхий л илэрхийлэмжүүд хаалттай. Нүдээрээ таньсан байх аа гэдэг үгнээс өөр тайлбар орчуулга авч чадсангүй. Нүдийг зурах урлаг энэ ертөнцөд дэндүү хөгжсөн. Хөмсөг сормуусны гоо сайхны газрууд энд тэндгүй. Тэгэхээр нүд бол сэтгэлийн толь гэдэг нь тодорхой.

Шагай татсан хар өмсгөл, үсний битүү ороолт, нүүр хагаслан халхлах гивлүүр. Араб эмэгтэйн гоёл гангараа гэхээсээ илүү гарвал язгуур угсаа, шашин шүтлэг, үзэл баримтлалын илэрхийлэл байдаг аж. Ижилхэн өмсгөл зүүсгэл бүхий гурваас дөрвөн эмэгтэй дагуулан алтны захын лангуу хоослоод гарах эртэй таарав. Өнөөх хүүхнүүд шаагилдан энд тэндээс ээмэг, зүүлт барьж ирээд жингийн таваг дээр шидэлнэ. Саахь эр юу ч эс өгүүлэх. Түмэнтээ бужигнасны хойно таван атга алтан гоёл нэг уутанд шидэж орхиод тооцоог хийн, шувуу шиг ганганалдаад цувран одох нэгэн бүлийг хараад аль газрын эрчүүд алдаагаа цуглуулж явах юм даа, очоод яаж ялгаж салгах бол оо гэж инээд хүрч суув. Олон эхнэр авах нь сүүлийн үед багассан, харин ч салалт ихэссэн, эмэгтэй хүн салбал дахин гэрлэх гэсэн ойлголт огт байхгүй. Сүүлийн үеийн залуусын дунд гадаад хүнтэй гэр бүл болох явдал бий болоод байгаа гэж албаны хүмүүсийн амнаас хачиргүй үг унана лээ. Олон эхнэртэй эрчүүдийн зовлон мэдээж их л байж таараа. Эхнэрүүд тус тусдаа байртай байх ёстой, бие биенийхээ эд зүйлсэд гар хүрэхгүй. Харин ч бие биенээ гоодоход тусалдаг гэнэ.

Хөршийндөө зочилсон тохиолдолд эхнэрүүд хоорондоо л уулзана, эрчүүдийн ярианд оролцох, ойрхон суухыг тас хориглодог. Сүй тавих, бизнес эрхлэх гээд гол шийдвэрийг овгоороо ярилцаж эцэслэнэ. Нэг овог 20-30 мянган гишүүнтэй. Ахмадууд толгойлно, овог болгон ордонтой. Хурим найрыг өргөн дэлгэр хийдэг ч эрэгтэй, эмэгтэйчүүд тус тусдаа найрладаг байна.

Арабын ертөнцийн хамгийн том төр, эрх мэдэл, ёс суртахуун нь яахын аргагүй удам угсаа, овог зиндаа. 1750 оноос хойш Аль Сабах овгийнхон Кувейтийг удирдаж байна. Эрэгтэйчүүдийг шейх, эмэгтэйчүүдийг шейха гэж хүндэтгэнэ. Ерөнхий сайд, Гадаад, дотоод хэрэг, Батлан хамгаалахын сайд бүгд хааны ургийн хүмүүс байх аж. Тус улсын эрхэм дээд Эмир шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах гуай нас сүүдэр 80 хэдийнэ гарсан ч монголчуудын тухай дурсамж өгүүлж, өнөө жилийн өвөлжилт, цас зудны нимгэн зузааныг хүртэл асуугаад авсан нь хаан хүний зовинол их юм даа гэх аядуу бодлыг төрүүлсэн.

Баян хүнд ч зовлон бий, ядуу хүмүүнд ч жаргал бий. Арабчууд байгалийн баялгийн хишиг буянг жинхэнэ утгаараа хүртэж байгаа улс. Гэдэс цатгалан, мөр бүтэн хүний сэтгэлгээнд хөдөлмөрлөх гэдэг суваг огт суудаггүй бололтой. Захын айл дөрвөн зарцтай, ихэвчлэн энэтхэг, пакистанчууд боолын гэрээ хийнэ. Хөлсөө дусалтал алхах, ажиллах ямар ч шаардлага энэ оронд алга. Ямартай л сүүлийн жилүүдэд чихрийн шижингээр дэлхийд дээгүүрт ордог болсон гэхэв. Цооног болгоноос тос тосоод түүнийгээ авч арилжаад айл болгон ус авч байгаа юм шиг идэж уудаггүй. Төрийн бодлого, баялгийн хуваарилалтыг зөв хийдгээс маш богинохон хугацаанд элсэн дээр цэцэг ургуулсан гэхэд болно. 1930-аад он гэхэд элсэн цөлийн гүрвэлээс арай л дээгүүр заяатай амьдарч байсан гэж зарим нь хошигнодог. 100 жилийн дараа бидний хойч үе хэрхэн амьдрах вэ гэдэг тооцоог өнөөдрөөс хийж эхэлсэн байна. Бүх баялгийн 10 хувийг хойч үеийн сан руу төвлөрүүлж зүгээр нэг тас дараад байдаггүй, энэ хөрөнгөө эргэлтэд оруулж гадагшаа хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөхийн салбарт их хэмжээний нөөцтэй болж байгаа юм билээ. Ямар ч тохиолдолд энэ сан руу гар дүрэхгүй гэсэн дүрэм зарчимтай.

Нийгмийн халамж өндөр. Эмнэлэг сургууль 100 хувь үнэгүй. Насанд хүрээгүй хүүхдэд сар бүр, гэр бүл болоход тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг олгодог.Өөрийн орны иргэнийг насанд хүрэхээр байр барих дэмжлэг санхүүжилтийг олгоод зогсохгүй гадаадад суралцах бүх эрхийг нь нээж өгдөг байна. Хэдийгээр баруунд боловсрол эзэмших, сурч хөгжихөд төрийн зүгээс тэтгэлэг олгодог ч эх оронч үзэл нь яс маханд нь бүрнээ суусныг эх хэлээрээ ярих, бичих, араб эрийн бахархал өмсгөл зүүсгэл эрээн алчуурын нугалаас зангилаа бүхнээс олж харж болно. Цагаан өмсгөлд нь хир тогтоно гэж байхгүй, өдөрт дөрвөн удаа солино. Яг л жаягаар нь өөрсдөө үйлдвэрлэж өмсөж эдэлнэ. Үндэсний хувцсаа буруу өмсвөл хотонд чоно орсноос ялгаагүй үзэгдэх. Бүх зүйл дэг жаяг, ёс суртахуунд хайрцаглагдаж соёлоо дээдэлсэн ард түмэн хүчирхэг оршдог болов уу гэж бодогдмоор. Жилд 30 хоног Рамадан буюу буяны сар болдог. Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, хөгшдөөс бусад нь сар мацаг барьж сүнсээ ариусгаж бурханд залбирч өдөрт таван удаа мөргөл үйлдэнэ. Мөн ядуучуудад өглөг өгөх, корон судраа дүүртэл унших ёсыг гүйцэлдүүлнэ.

Кувейтэд ус тосноос үнэтэй. 20 литр ус 8-9 мянган төгрөг. Мэдээж шонхор сайн морины үнээс хол давна. Тусгай эдлэн газарт, малладаг хариулдаг эзэнтэй, асаргаа сувилгаатай, гарал үүслийн гэрчилгээтэй. Шонхор хийморилог амьтан учраас шүтэж дээдэлдэг гэхээсээ илүү сайн эрийн чимэг гэж үздэг юм билээ. Нэг хэсэг манай хамаг шувуу тийшээ зөөгдсөн мэтээр ярьж бичигдээд байсан. Хардах сэтгэлээр хаан болоод бусад сайд ноёдоос асуугаад авлаа. Зарим дарга нар нь 4-5 шонхортой, надад ширхэг ч монгол угсааны шонхор байхгүй гэж байна билээ. Монгол морь нутгаа гүйдэг шиг шонхор ч эх орондоо ирсэн тухай нулимс ивэлгэсэн түүхийг бидэнд ярьсан нь бяцхан ч болов тайвшралыг төрүүлсэн юм.

Сайхан адуу бас л энэ нутгийн эрчүүдийн мөрөөдөл. Гоо үзэсгэлэнгийн хэмжүүрийг адуу мал дээр хүртэл тогтоодог, хүнээс илүү асарч бөөцийлөх нь бас л нэг соёл юм даа. Морин тойруулгын уралдаанд хурдыг харгалзахаас гадна “хөөрхөн”, “царайлаг” зэрэг олон номинациар шагнал олгодог нь өхөөрдөм. Тэмээний уралдаанд унаач хүүхдүүдийн асуудал хурцаар тавигдан хүүхдийн эрх зөрчигдсөн талаар гомдол гарч хүүхэдгүй уралддаг болсон талаар ч ярьцгааж байна лээ. Тэд бидний тухай ямархан ойлголттой явдгийг хэн хүнгүй л очсон газраасаа хайдаг. Монгол, Чингис, бүүр цаашилбал Хүлэгү хаан гээд нэлээн хурцдуухан ярих янзтай. Манай хаад газар нутгийн гэхээсээ илүүгээр тухайн газар нутагтаа соёлын хувьсгалыг хийж эрх чөлөөг тогтоож байсан. Шастирын чуулган, Араб, Персийн аялгуу хэний бүтээл, хэний тухай болохыг та бүхэн мэдэх үү гэж асуумаар ам загатнаад өнгөрсөн. Аав-Абу, саван-сабун, дэвтэр, шатар гэх мэт үгсийг бидэнтэй адилхан хэлнэ, ойлгоно. Араас нь бичдэг ч босгоод харвал Араб үсэг уйгаржин монгол бичиг. Титэм, ацаг шүд, орхиц бүгд харагдана. Энэ хоёр бичиг аргагүй л финикээс эхлээд хоёр тийш хөгжсөн нь харагдах юм аа. Ер нь манай хаадын үлдээсэн өвөөс хамгийн их дархлагдан уламжлагдсан нь соёл гэж ойлгоход хэтийдэхгүй болов уу. Хүлэгү хаан Шаамаар дамжаад, Мисир, Сири, тэр ч байтугай өнөөгийн дайн дажнаараа шуугиан тариад байгаа Аллепо хотыг хүртэл тохинуулж байсан түүхийн гэрч олон бий.

Монголын их хаад эзэлсэн улсынхаа ард иргэдийн сүсэг бишрэлд ихэд хүндэтгэлтэй хандаж байсныг түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн нь олон. Тухайлбал, Чингис хаан лалын шашныг татвараас чөлөөлсөн тухайтад “Алибех Абу-талебын удам сударт алба гувчуур оногдуулахгүй байх, Куран судрыг номлогч, хууль тогтоогч, эмч оточ, тэнгэрийн номд бие зориулж, хорвоогийн улаан тоосноос ангижирсан номч нар, бүрээлч талийгаач нарын шарилыг ариулдаг муэдзин нарт ямар ч албан татвар оногдуулахгүй байхыг их хаантан зарлиг болж байсан байх юм. Ач Хүлэгү нь “Бүх угсаатан бөлөгийн дотроос лалын шашинт ард түмэнд маш их хүндэтгэл үзүүлж, хайр хишиг хүртээхийг зарлигласан. Жишээлэхэд 650 оны (лалын тоолол) Идээнд ам хүрэн ёслох өдрөөр Мөнх хаан алт, мөнгөн гулдмай, хоргой торго дурданг ёслолын бэлэг болгон, тэрэг тэргээр өгөхийг айлдсанаас зон олны олонхи нь түүнээс хувь хүртсэн ажгуу” гэж Рашидаддин бичсэн байна. Перс хүн бичсэн болохоор үнэн биз ээ.

Хаан, төрөө дээдлэх үзэл улс орнуудыг цог золбоог тэгшилдэг юм болов уу даа гэж бодогдсон. Саудын Арабид аль ч орны бүсгүй хүн заавал толгой тархиа битүүмжлэх ёстой. Ёсыг нь дагахаас ямар ч замгүй. Өөрийнхөөрөө яваа хүн илүү гутамшигтай харагдана. Харин Эмират, Кувейтын хувьд тийм шаардлагыг нэг их тавихгүй.

Эмэгтэйчүүд, эхчүүдээ дээдлэхийн бас нэг соёл бол хар гивлүүр, урт өмсгөл юм. Бүсгүй хүн нууцлаг тусмаа нандин агаад үнэ цэнэтэй байдаг гэдэг онолыг зохиосон ч байж магад. Гэхдээ сүүлийн үед араб эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэж төрийн алба, ялангуяа удирдах албан тушаал хаших нь ихэссэн байна.Кувейтын хувьд 2009 оноос эмэгтэйчүүд нэр дэвших болж одоогоор Их хуралд нэг л эмэгтэй сонгогдоод байгаа бөгөөд нийгмийн хамгааллын чиглэлээ хариуцан ажилладаг байна. Кувейтэд нам гэсэн ойлголт байхгүй. Нэг тойргоос 10 гишүүн сонгогдоно. Таван сонгуулийн тойрогтой. Улс төр рүү орох хүсэл эмэгтэйчүүдэд бараг л байдаггүй, яагаад гэвэл төрөлт ихтэй, эрчүүдийнхээ сайн ар тал байхад болно гэж зарим нэг хэсэг үздэг.

Харин Эмиратын хувьд арай өөр. Гэр бүлийн яам, Залуучуудын яам, Аз жаргалын яам гээд нийгмийн чиглэлийн яамдаа эмэгтэйчүүд нь удирддаг. Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга Амал Абулла Ал Кубаиси гэж үнэхээр Персийн домгийн баатар мэт нүд нь гялалзсан бүсгүйтэй уулзсан. Булангийн дайн мөргөлдөөнд зуун залуугаа бид саяхан алдаад байна. Цус урсгахыг хүсэхгүй байна. Дүрвэгсдийг олноор нь байршуулж байгаа гэх зэрэг хэзээ ч эмэгтэй хүнд үл зохих атлаа удирдагч хүний хувьд ярихаас өөргүй сэдвээр түс тасхан хэлчихэж байгаа нь зориг ормоор. Энд бичиг үсгээ дээдлэх маш чухаг ёс бий. Гудамжинд байрлуулсан зар сурталчилгааны самбарт ганц үсэг алдаж бичсэн байвал 100 америк доллараар торгодог тухай интернэтээс уншиж байсан минь үнэн юм билээ. Манайхан шиг байшин барилгыг танигдахгүй болтол хэзээ ч хаягаар “зоддоггүй”. Ялангуяа гадаад үг үсгээр хаяглах нь бараг л үгүй.

Элс гэдэг газрын эрдэнэ. Нүүж яваа нь үл үзэгдэх ч чийг өөртөө сайн шингээдгээрээ гайхалтай. Мэдээж энэ нутагт тостой холилдон бараг л хөдөлдөггүй байх. Ганц нэг модны ёроолд элс тунасныг үзээд таньдаг хүнтэйгээ уулзсан мэт догдлов. Цөгөрцгөнө гэж чанга дуутай “нөхөр” тэнд бас хашгиран үсчиж харагдсан. Манай нутагт бол намар оройхон ийм байдаг даа гэмээр. Арабын өвөл 15-25 хэмтэй. Зундаа 45-50 хэмд очно. Дэлхийн түүхэнд 53 хэм хүрсэн газар бол Кувейт. Хувцсан дотроо багтаж амьдардаг энэхүү ард түмний хувьд байдаг хүрмээ зузаалчихсан жиндүүхэн байгаа бололтой юм. Энэ бүхнийг харж явахуйд төөнөм халуун, түрэмгий дайн хоёр буцалсан ертөнц байх даа хэмээн бодсон төсөөлөл маань аажим аажмаар сарнин байлаа. Дахин дахин бодсон бодол, ухаарал минь аливаа улсын өв соёл тухайн гүрний хүчирхэг оршихын амин сүнс нь гэдэгт л тулсан юм.

УИХ-ын гишүүн Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *