Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хар баасан” гэж нэршсэн 72 цагийн баривчилгааг 24 цаг болгохоор зохицуулжээ

-ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮРЭМГИЙЛЛИЙГ ЗОГСООХ ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ХУУЛЬТАЙ БОЛНО-

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Парламент энэ хуулийг баталбал дур зоргоороо авирладаг хүчний байгууллагуудыг номхруулж чадах юм байна. Шүүх, цагдаа, прокурор гээд бүгд ямарваа нэгэн хэргийг илрүүлэхдээ хүний үндсэн эрхийг хумсын толион чинээ тоодоггүй байдал даамжирсан. Бусдыг хэлмэгдүүлж, олон хоногоор үргэлжлүүлэн саатуулж, зорчих эрхийг нь хязгаарлаж, орон гэр, онгоцны буудал, албан тасалгааных нь өрөө, гудамж талбай гээд хаанаас л бол хаанаас шүүхийн шийдвэрийн бичиггүй баривчлах нь элбэг. Тэдний ийм дээрэнгүй хүч түрсэн байдлыг халж, гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа зөвхөн хүний эрхийг ханган биелүүлэхийг шаардсан хуулийн төслийг боловсруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч буруутанд тооцохгүй байх бололцоог хангасан зохицуулалтуудыг тусгажээ. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулахыг чухалчилсан аж.

ХИЛИЙН ХОРИГИЙН АСУУДЛЫГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭНЭ

Хэн нэгнийг гадаад руу зорчих гэж байхад нь манай хууль хүчнийхэн хил, гааль дээр пижигнэж очоод баривчлаад авдаг. Уг ажиллагааг Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа, прокурор, хилийн шалганыхан гээд аль нь ч хамаагүй гүйцэтгэж байна. Хүний зорчих эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. гэтэл энэ олон хүчний байгууллагууд дур дураараа авирлаж, хүний зорчих эрхэд ноцтойгоор халддаг. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар иргэний гадагшаа зорчих эрхийг хязгаарлаж байгаа одоогийн хилийн хоригийн асуудлыг шүүхээр шийдвэрлэдэг болох юм байна. Зайлшгүй тохиолдолд баривчлах гэж байгаа бол заавал шүүхийн шийдвэрээр хилийн хориг тавих ёстой гэсэн хатуу шаардлагыг тусгажээ.

ХҮНИЙГ ДУРААРАА ЦАГДАН ХОРИХГҮЙ

Дээрх хуулийн төслийн бас нэг гол зохицуулалт нь цагдан хорих ажиллагааг ямар нөхцөлд яаж хэрэгжүүлэхийг тусгажээ. одоо гэмт хэрэгт холбогдсон, сэжиглэгдэж байгаа хүн болгоныг нэлэнхүйд нь цагдан хорьдог явдал бий. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд хавтгайрсан цагдан хорьдог байдлыг хүн болгонд хамаатуулахыг нь хориглосон байна. Мэдээж хүнд гэмт хэрэг буюу бусдын амь насыг санаатай хөнөөсөн, хөнөөхийг завдсан, зохион байгуулалттай, үндэсний аюулгүй байдлын эсрэг терроризм, тагнуулын хэргүүдийн тухайд зайлшгүй цагдан хорино. Мөн мөрдөн байцаалтад саад учруулж, оргон зайлж болзошгүй тохиолдолд цагдан хорих аж. Бусад тохиолдолд хүнийг дураараа цагдан хорихыг нь хориглох юм байна.

“ХАР БААСАН” ГЭЖ НЭРШСЭН 72 ЦАГИЙН БАРИВЧИЛГААГ НЭГ ХОНОГ БОЛГОНО

Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд хэн нэгнийг сэжигтнээр татахдаа эсвэл гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь илрүүлсэн тохиолдолд 72 цаг саатуулах заалт бий. Хойшлуулшгүй ажиллагаа гэсэн үндэслэлээр хүчний байгууллагууд энэ заалтыг хэрэгжүүлэхдээ дандаа баасан гаригт баривчилгаагаа явуулдаг жишиг тогтсон. Үүнийг “хар баасан” гаригийн баривчилгаа гэж нийгэмд нэршиж заншсан билээ. Баасан гаригийн орой баривчлагдсан хүнийг амралтын хоёр өдрийг дамнуулаад хорьдог. Ингээд үргэлжлүүлээд хорих хугацааг сунгаад явчихдаг. Энэ нь хүний эрхийг зөрчсөн асуудал мөнөөс мөн. Дээрээс нь хууль хүчнийхэн баривчлах ажиллагааг явуулахдаа ямар ч шүүгч, прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх нь бий. Харин Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд “хар баасан”-гийн 72 цагийн баривчилгааг 24 цаг болгох заалтыг тодотгосон байна. Аливаа хэрэгт сэжигтнээр татахдаа зөвхөн шүүгч, прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэг хоногийн хугацаанд буюу 24 цагт саатуулах шаардлага тавьж байгаа аж. Шүүхээр 24 цагийн дотор баривчлах зөвшөөрөл гаргуулж байж ажиллагааг явуулах юм байна. Ингэснээр ямар нэгэн байдлаар шүүхийн хяналтгүйгээр дур зоргоороо хүнийг барьж, саатуулдаг явдал таслан зогсох нь ээ. Шинэ өргөн барьсан хуулийн төсөлд хүнийг барьж, саатуулахдаа гарцаагүй нотлох баримт үндэслэх ёстойг зохицуулжээ. Гэтэл өнөөдөр хэн нэгнийг 72 цаг саатуулсныхаа дараа үндэслэл нь тогтоогдохгүй байна гээд суллах тохиолдол олон. статистик мэдээгээр саатуулагдсан хүмүүсийн гуравны хоёр нь цаашаа яллагдагчаар татагддаггүй байна. Ингэж олон хүнийг хэлмэгдүүлдэг буруу жишгийг халсан хуулийн төслийг боловсруулсан байна.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *