Categories
мэдээ спорт

“Хантайшир” галд улсын хоёр гарьд тэргүүтэй зуу гаруй бөх бэлтгэлээ базааж байна

Дэлхийд ганц монгол наадам дэнж хотойлгон эхлэх сайхан өдрүүд ойртох
тусам хүн бүрийн сэтгэлд халгисан цалгисан нэг л сайхан мэдрэмж төрнө. Тэр дундаа
эрийн гурван наадмын нэг бөхийн галаар энэ л үед очиход эр бяр амтагдах шиг, ид
хав бүрдэх шиг хийморь лүндаа аяндаа нэг сэргээд ирнэ. Бөхчүүд галаараа наадмын
бэлтгэлдээ гарсан сургаар Говь-Алтай аймгийн хүчтэнүүдийн “Хантайшир” бөхийн дэвжээг
зорилоо. Засагт ханы хөх харчууд хэмээн өөрсдийгөө нэрлэх дуртай Алтайнхан Чингэс
хааны аварга хөшөөт Цонжин болдогоос цааш долоон километр газарт орших Заан Тэрэлжийн
голын савд, “Мандал” амралтын газарт галдаа гарчээ. Энэ хавь бол Төв аймгийн Эрдэнэ
сумын нутаг. Заан Тэрэлжийн гол хөхрөн мяралзаад, хөндий талд хөх ногооны униар
татаж, дүнхийх уулсын арын модноо хөхөө хөвшөөд монгол хүний жаргалын улирал налайжээ.
Налайхаас цаашхи замд морь тарлаж байгаа ганц нэг хүүхдүүд ч таарч байна.

Биднийг “Мандал” амралтын газарт их үдийн алдад очиход бөхчүүд амарч
байгаад гарч ирсэн бололтой, үүргэвчээ мөрлөцгөөн голын зах руу унаа тэргэндээ сууцгаан
хөдөлж байх аж. Залуухан нэг нь харин бэлтгэл хийх дэвжээ бүхий зүлэг рүүгээ алхаж
таарав. “Хантайшир” дэвжээний ахлах дасгалжуулагч, улсын начин Доёдын
Бадрахтай уулзаж, бэлтгэлийн зүлэг ногоон дэвжээг зүглэцгээлээ. Бадрах начин бол
1990 онд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн
даншиг наадамд тав давж начин цол хүртсэн, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер
цолтой Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат хүчтэн юм. Начин зүүн гартаа улаан
өнгийн япон хөгжим, нөгөө гартаа довцоглож сүлжсэн шар суран ташуур сагалдаргалан
барьсан харагдана. Улсын начин Д.Бадрах, Эрхэмбаяр нарын багш нараа хүрч очиход
шавь бөхчүүд нь цолныхоо эрэмбээр нэг эгнээ жагсан угтаж, дэвжээнийхээ сүлд тугийг
ишээр нь газарт хатгаж угтан авав. “Хан Тайшир”-ынхан энд сүүлийн найман жил наадмын
бэлтгэлд гарч байгаа бөгөөд Ганбаатар гарьд, Соронзонболд заан, Тогтохбаяр начин
гурав энд бэлтгэлжиж цол авч байсан гэдэг утгаар ихэд бэлгэшээх юм.

Монголын бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү Ганбаатар Говь-Алтай
аймгийн Чандмань сумаараа овоглож, улсынхаа их баяр наадамд хорин зургаахан насандаа
үзүүрлэж гарьд цол хүртэн, өнгөрсөн жил шөвгийн дөрөвт үлдэж байсан аралтай, бяртай,
хамгийн гол нь барилдаан нь харууштай сайхан бөхийн нэг яах аргагүй мөн билээ. Гарьд
дэвжээнийхээ бэлтгэлд анх удаа ирж байгаа тул “Тугандаа нэг сайхан мөргөж тойроод
хийморио сэргээгээдэхье” гэж малгайгаа ёслол төгөлдөр духдуулан хангарьдын дэвэлтээр
хангайн мод шиг найганхан дэвж байна. Тэрээр арван гурван настай хүү Эрдэнээ дагуулан
ирж, нутгийнхаа бөхчүүдтэй ноцолдуулж байгаа гэнэ. Хүү нь аавынхаа арал чацыг өвлөсөн
сүрхий биерхүү хөвгүүн байна лээ. Энэ зуур дэвжээний багш Бадрах начин улаан хөгжмөө
хангинуулан алхаж, шавь нартаа бөхийн эрдмээсээ завсар зайгүй хуваалцаж алхана.

“Хантайшир”-ын бас нэг сайхан түшиг тулгуур нь яах аргагүй Эрхэмбаяр
начин юм аа. Тэрээр галынхаа бөхчүүдийг их бага гэхгүйгээр адилхан хандаж, өөрөө
зодог шуудгаа өмсөөд ноцолдож байна. Залуусыг гэнэдээд уначихаар дахин босгож ирээд
“Энэ мэхэнд ийм хариулт хий. Биеэ тэр үед сулла” гэх мэтээр алт шиг сургаалиа хайрлаж
байх юм.

Говь-Алтайн бөхчүүд одоогоос арваад хоногийн өмнөөс “Мандал”-даа
ирж, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, харцага Ж.Амартүвшин,
улсын начин Дугардоржийн Батбаяр, Лхагвасүрэнгийн Гантулга, Лувсандоржийн Цэрэнтогтох,
Шоовдойхүүгийн Тогтохбаяр, С.Багахүү, Ж.Лхагвадорж тэргүүтэй ная гаруй бөхчүүд бэлтгэлдээ
гарчээ. Одоо тэдэн дээр нэмж хорь орчим бөх нийлж, зуу гаруй хүн болох гэнэ. Энэ
зуу гаруй бөхчүүдээс тэн хагас нь аймаг, сумдынхаа наадамд зодоглоно. Говь-Алтай
аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, сумын заан Насанбат ч нутгаасаа
ирж бэлтгэл хийгсдийн нэг. Эдний гал руу очиж явах үед хэдэн машин зөрсөн нь Бат-Эрдэнэ
гарьд, Соронзонболд заан, Суманчулуун начин нар хот руу ажлаар явж байсан нь тэр
аж. Нэгэнтээ соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хөөрөлдөж суухад
“Ш.Батсуурь аваргын өлгий манай нутгаас улсын арслан цолтон төрөөгүй байгаа учраас
би Монгол Улсын арслангуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх санаачилж байлаа”
гэж байсан бол Бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан нутгаасаа
арслан төрөхийг бэлгэшээж

“Алтай нутгийн бөхчүүдийг

Азын тэнгэр дуудна аа.

Ардын цэнгэл наадамд

Арслангийн даваа хүлээнэ ээ.

Засагт ханы бөхчүүдийг

Алдрын оргил дуудна аа.

Зартай наадмын хойморт

Аваргын дэвээ хүлээнэ ээ.

Хантайшир уул

Алсын бараатай.

Хантайшир дэвжээ

Аваргын гараатай” гэсэн сайхан үгтэй “Аваргын гараатай Хантайшир”
дууг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбабаяртай хамтран зохиосон
нь энэ галынхны сүлд дуу болжээ. Бадрах начин шавь нарынхаа барилдааныг сонирхож
сонжин алхах зуураа япон улаан хөгжимдөө анд Эрхэмбаярынхаа дуулсан, бас нийтийн
болон ардын сайхан дуунуудыг эгшиглүүлэх аж. Тэрээр “Бөхчүүдийнхээ сэтгэл зүйг монгол
наадмын зүлэг ногоон дэвжээний байдал орчинтой ойртуулж сайхан эгшиг тавьж өгдөг
юм” гэж байв.

“Хантайшир”-аас энэ жил улсын цолонд ойрхон бөхчүүдэд Цээл сумын
уугуул, “Монгол тамхи Со”-гийн бөх Д.Тангад, Бигэр сумын унаган хүү, аймгийн арслан
Ж.Алтаншагай, Чандмань сумын харьяат Балганы Хишигбаатар, улсын начин Шоовдойхүүгийн
хүү, Тогтохбаяр начны дүү, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, Халиун сумын харьяат
аймгийн заан Д.Буянт нарын олон сайхан шижигнэсэн залуус нэрлэгдээд байгаа. Чухам
хэн нь улсын цол авчихаад, төрийнхөө есөн хөлт цагаан тугийг түмний түрлэг доор
тойрч явахыг өнөөдөр хэн ч таашгүй. Тэд бүгд л өнгөтэй сайхан харагдаж байна. Бөхчүүд
өглөө босоод арван километрийн кросст гүйж ирээд, хүчний дасгалаа хийж, харин үдээс
өмнө, хойно хоёр ч удаа барилдааны бэлтгэлдээ орж хөлсөө гартал ноцолдоцгоодог аж.
Бэлтгэлийн дараа наранд сайхан бүлээссэн усанд тааваараа орцгоож, зарим нь далбаагаа
угааж харагдана. Саваагүйрхэн “Бөхийн өмсгөлөө хамаагүй угааж болдог юм уу” гэхэд
“Урсгал усанд угаахад ямар ч хорио цээр байхгүй. Угаахгүй бол өдөрт хоёр удаа бэлтгэл
хийхээр хөлсөнд нэвтэрч дарайгаад байх юм” гэцгээж байв.

“Хантайшир” дэвжээг Монгол Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв
нар анх 2001 онд тулгын чулууг нь тулсан аж. Үүнээс хойш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүнээр 2008 оноос
хойш долоон жил ажиллаад, хэдхэн хоногийн өмнө шинэ тэргүүнд тамга тэмдгээ хүлээлгэж
өгчээ. Дэвжээний тэргүүнээр одоо “Алтай констракшин” компанийн захирал, Монгол Улсын
тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ сонгогдож, дэд тэргүүнээр “Макс” группын
ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар,
“Макс” группын ерөнхий захирал, Монгол Улсын тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан Д.Цэрэнжигмэд, “Гацуурт” компанийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Л.Чинбат, “Туушин” компанийн захирал Н.Зоригт нар сонгогджээ. Оны шилдэг дэвжээгээр
хоёр ч удаа шалгарч байсан “Хантайшир”-чууд ирж буй наадамдаа одтой сайхан наадах
аварга, арслангийн энтэй бөхчүүдийнхээ ирийг хурцалж, ид хавыг сорьж байгаатай цухасхан
танилцахад иймэрхүү байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *