Categories
мэдээ нийгэм

“Ханс Кристиан Андерсений шагнал”-д хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийг нэр дэвшүүлжээ

Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц хэмээгддэг “Ханс Кристиан Андерсений шагнал”-д шинэ оны босгон дээр төрийн соёрхолт тэмдгээр энгэрээ мялаасан Ж.Дашдондог зохиолчийг нэр дэвшүүлжээ. Дэлхийн 33 орны шилдэг 33 зохиолч нэр дэвшсэний нэг нь Жамбын Дашдондог юм. Тэрбээр энэхүү олон улсын нэр хүнд бүхий шагналд 2 дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил түүний “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу” номууд нь нэр дэвшжээ. Дашдондог зохиолч 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш 100 шахам ном бүтээж, тэдгээрээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдсэн байна.

Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиолууд, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуунуудаар нь Монголын үе үеийн хүүхдүүд өсөж хүмүүжсэн билээ.

Олон улсын Ханс Кристиан Андерсены шагнал нь олон улсын өсвөр насны хүүхдүүдийн номын холбооноос 1956 оноос эхлэн зохион байгуулж, Данийн хатан хаан Маргрет II ивээн тэтгэсэн бөгөөд хүүхдийн алдарт үлгэрийн зохиолч Андерсений нэрээр нэрлэсэн аж. Уг шагнал нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж, дэлхийн хэмжээний хүүхдийн шилдэг зохиолч болон номын зураачдад олгодог шагнал юм. Одоог болтол нийт 28 зохиолч энэ шагналыг хүртжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *