Categories
мэдээ нийгэм

Ханой хотын Намын хорооны дэд даргыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Ханой хотын Намын хорооны дэд дарга Дао Дык Тоан болон холбогдох албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг, Ханой хотын Намын хорооны Байнгын хорооны гишүүн, Нийгмийн хөдөлгөөний хорооны дарга Нгуен Лан Хонг, Ханой хотын Ардын хорооны дэд дарга Ноён Нгуен Доан Тон, Намын хорооны Зохион байгуулалтын зөвлөлийн дэд дарга Дунг Хой Нам, Хяналтын хорооны дэд дарга Нгуен Ди Хонг болон бусад албаныхан байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 64, Улаанбаатар Ханой хот найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр “Манай хоёр улс төдийгүй хотууд олон жилийн түүхэн харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр хотын хамтын ажиллагааны эрч суларч байгаа хэдий ч таны өнөөдрийн айлчлал дараагийн шинэ түүхийг бүтээхэд нэн ач холбогдолтой юм. Хоёр хотод боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж бий” хэмээн онцолсон.

Ханой хотын Намын хорооны дэд дарга ноён Дао Дык Тоан “Биднийг найрсаг дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Монгол Улсын ард түмэн манай улсыг хүнд хэцүү цагт маш их тусалж, дэмжиж байсан. Манай ард түмэн үүнийг хэзээ ч мартдаггүй. Бид бүхэн Монгол Улс, Улаанбаатар хотын хурдтай хөгжил дэвшлийг ажиглаж, бахархаж явдаг. Хоёр хотын харилцаа боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал төдийгүй эдийн засгийн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна” хэмээлээ.

Улаанбаатар хот 1982 онд Ханой хоттой анх харилцаа тогтоон 1998 онд “Улаанбаатар хот, Ханой хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Санамж бичиг” байгуулж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *