Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байранд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга тус дүүргийн ЗДТГ-т байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Тус төв нээгдсэнээр иргэд цагаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг шуурхай, нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм.

Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд төрийн үйлчилгээний мэдээлэл, лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг арав гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цахим дүүрэг болохоор зорьж байгаагаа хэлж байлаа. Хотын дарга иргэдэд хүргэх үйлчилгээг цахим болгож, хүндрэл, бэрхшээл, хүнд суртал учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстойг онцлов.

Мөн үүний дараа Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Хотын даргад танилцууллаа. Дүүргийн хэмжээнд вакцины дөрвөн цэг, тандалт, хариу арга хэмжээний хоёр баг үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1388, тусгаар байранд хоёр, гэрээр 709 хүн эмчлүүлж байгаа. 24.135 хүн эдгэрч, 941 хүн ойрын хавьтлаар гэрийн тусгаарлалтад байна” гэв.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулсан 42 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд таван зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгжид зөвлөн туслах байдлаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Коронавирус гарснаас хойш бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд цохилтод орсон. Тэднийг сайн ойлгож, дэмжих, зөвлөх, туслах талаас нь ажиллах ёстой” хэмээлээ.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд 376 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эмийн татан авалт, хангалт шаардлага хангах хэмжээнд байх ёстойг хэлснээс гадна ковидын дараах эмчилгээнд онцгой анхаарах ёстойг санууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *