Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид

Нийслэлийн Хан-Уул дүүргээс 2016 оны сонгуулиар УИХ-д Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Л.Болд нар сонгогдон ажиллаж байна. Өдгөө томсгосон тойргоор тус дүүргээс 3 гишүүн УИХ-д сонгогдох бөгөөд урьдчилсан байдлаар нэр дэвшигчдийн нэрс тодорсоор байна. Нэрсийг тоймолбол:

МАН-аас Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан.

АН-аас АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, Засаг дарга асан Ж.Ганхуяг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд

ШИНЭН-аас Д.Болд

Зөв хүн электорат эвсэлээс Т.Доржханд гэсэн хувилбар гарчээ. Энэ бол нэг их сонин нэрс биш. Олны танил, сайн муугаа хангалттай харуулсан хүмүүс. Харин Хан-Уул дүүргийг олны анхааралд аваачаад байгаа хүмүүс бол УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид юм.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Ц.Нямдоржийн дэвших тойрогт нэрээ дэвшүүлэхээ зарласан бөгөөд өдгөө сонгогчдоосоо хэдийнэ гарын үсгээ цуглуулаад авчихсан. Дүүргийнхэн нь түүнийг дэмжихээ илэрхийлсээр байгаа нь бусад нэр дэвшигчдэд нэгийг бодогдуулж буй биз ээ. УИХ-д хоёр удаа сонгогдож, сайд, дэд сайдын алба хашиж, 20 гаруй хууль санаачилж батлуулсан гээд түүнд ажлын туршлага чамгүй их бий. Өнгөрсөн 8 жилд тэр Монголын улстөрд тод өнгөөр гэрэлтэж байв. МАН-ын идэвхтэй гишүүн, сайд хүртэл болж явсан тэрбээр өдгөө нам бус, бие даагч болчихсон яваа. Тэрбээр Монголын төрд хаана юу нь болохгүй, бүтэхгүй байгааг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Н.Номтойбаярын эрх баригчдын эсрэг зоригтой дуугарч чаддаг зан чанар нь хүмүүст тун таалагддаг гээд бусдаасаа давуу тал ихтэй. Түүнтэй өрсөлдөх нь бусад нэр дэвшигчдэд хатуу санагдах нь лавтай.

Хуульч Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил, Ц.Цолмон, Д.Басандорж гээд залуус мөн энэ дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил нарыг сайн хуульч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог гэдгээр нь хүмүүс таних байх. Т.Бат-Оргилыг дуучин, төрийн шагналт Н.Сувдын хүү гэдгээр нь мөн хүмүүс мэднэ. Д.Басандоржийн хувьд Байгаль орчин, иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд “усны” гэдгээр нь хүмүүс мэддэг. Ц.Цолмон мөн л сайн хуульч, түүнийг УИХ-ын Тамгын даргаар ажиллах үеэр нь аливаад төв, голчтой ханддаг гэж олон хүн дүгнэж байв.

Үүнээс харахад намуудын нэр дэвшигчдээс гадна хүчтэй бие даагчид өрсөлдөх Хан-Уул дүүрэг олны анхаарлыг татах нь аргагүй юм.

Д.САЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *