Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хан Хиллс” хотхоныг барихын тулд Туул голын хөрсийг нь ухаж, бургасыг нь хяджээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Туул гол дотор барилга барьж байна” гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Зайсанд очиж нөхцөл байдлыг нь сурвалжилж холбогдох хүмүүстэй нь уулзлаа. Хэл ам дагуулаад байгаа уг барилга “Хан хиллс” нэртэй хотхон юм байна. Одоогоор барилгын бэлтгэл ажил нь эхэлжээ. Хэрвээ уг барилга баригдвал Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх Туул голын эрэг тэр чигтээ барилгажина гэсэн үг. Одоогоор уг барилгын ажил явагдаж байгаа газрын баруун талд буюу Зайсангийн гүүрний зүүн талын хойд эрэг хавьцаа барилгажаагүй багахан талбай үлдээд байгаа аж. Хэрвээ ингээд барилгын ажлыг зогсоохгүй, цаашид үргэлжлүүлбэл Туул голын энэ хавь бүхэлдээ барилга байшингаар дүүрч, голын сав голдрилд өөрчлөлт орж байгаль нөхөн сэргэх боломжгүй болох аюул тулгарна. Иргэдийн заасан газарт очиход Туулын хөвөөн дэх хуурай газрыг барилгын төмөр хашаагаар тусгаарласан бөгөөд дотор нь шороо тоос манаран барилгын ажил үргэлжилж байгаа нь илт харагдаж байлаа. “Туул голын чөлөөт бүс” гэсэн самбартай голын урд эрэгт байрлах газраас харахад голын хэсэг бургасыг хуйгаар нь хядаж, эргийг тэгшлэхээр шороо овоолжээ. Мөн тусгаарласан хашаан дотроо 50 гаруй контейнер элс, хайрга овоолж техникүүдээ байрлуулсан байлаа. Наад талд нь голын бургас дунд элс овоолсон байв.

Газар шорооны ажил ид өрнөж буй шороо манарсан тус газар, цаахна талд нь байрлах “Хан-Хиллс” хотхоны эзэмшлийнх гэдгийг эндхийн оршин суугчид хэлж байлаа. Тус хотхон нь “River garden” хотхоны баруун буланд энэ хэсэг газар байрладаг юм байна. Иргэдийн гомдол мэдээллээр, байгалийг сүйтгэж буй уг ажил нь “Хан-Хиллс” хотхоны хоёр дахь хэсгийн барилгын ажил юм. “Хан-Хиллс” хотхон нь “Могул ибиз” компанийн захиалгаар баригдаж байгаа гэнэ. Барилгын нэгэн ажилтны ярьснаар Туулын бургасыг хаман байрласан барилгын төмөр хашаагаар хүрээлэгдсэн тус газарт ирэх жилээс “Хан-Хиллс 2” хотхон баригдахаар болсон бөгөөд зураг төслийн ажилдаа аль хэдийнэ орчихсон яваа гэнэ. Эхний ээлжинд ашиглалтад орсон хотхон нь нийт найман байр, 426 айлын орон сууц. Энэ байр нь 106-140.7 мк 3-4 өрөөний сонголттой, давхар бүртээ дөрвөн айл байрладаг юм байна. 14 давхар тус байранд нэгээс хоёр өрөө айлын орон сууц байдаггүй, нэг мк2 нь гурван сая 750 мянган төгрөгөөр үнэлэгддэг аж. Өндөр зэрэглэлийн орон сууц тул дотор нь усан бассейн хүртэл байдаг. Байрнуудынхаа дунд хиймэл нууртай “Хан Хиллс” хотхоныг барихад ухлагаас нь гаргасан шороог барилгын ажил өрнөж байгаа хашаанд овоолсон юм байна. Уулзсан иргэдийн ярьж буйгаар тус компани анх уг газрыг барилгын талбайн журмаар ашиглаж байгаад ийнхүү барилга барьж эхэлжээ. Барилгын ажил нь 2019 оноос албан ёсоор эхлэхээр яригдаж байгаа. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух бүх газар эзэнтэй. 2000 оны эхэн үед тус газрыг “Стандарт” групп худалдаж авч байсан гэнэ. Харин одоо хэсэг бүртээ өөр хүмүүсийн эзэмшилд очжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Хан Хиллс” хотхон нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэвэр агаар сангийн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төмөрчулууных гэж яригдаад байгаа. Б.Төмөрчулуун өмнө нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Түүнийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой гэх яриа ч бас байдаг.

Туул гол руу иргэд, явган хүн хойд талаас нь ордог газар гэж бараг байхгүй болжээ. Учир нь голыг захлан барилга барьсан хотхонууд тоосгон хашаа босгон газраа голоос тусгаарлажээ. “Хан-Хиллс-2” хотхоны барилгын ажил үргэлжилж буй хашааны зүүн буланд шоо дөрвөлжин хэлбэртэй ухсан гурван метр орчим нүх усаар дүүрч хөлдсөн нь харагдлаа. Гэсэн ч барилгын ажил ид өрнөж техник хэрэгсэл ажиллан, барилгын ажил ч өөд уруугүй явагдана.

2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Туул голын сав газрын захиргаа” байгуулагдаж байжээ. Тус газраас хамаарал бүхий газартаа хяналт тавьж, хэний эзэмшилд очсон газарт барилгын ажил явагдаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөөд буйг мэдэх гэхээр холбогдох албаны хүмүүс нь “Нууцын зэрэглэлтэй мэдээлэлд хамаардаг” гэх үгээр амыг нь тагладаг юм байна.

Уг нь бол 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” гаргажээ. Тус журмын 2.3.2-т “Гол, мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээн дэх газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй” гэж заажээ. Мөн 2.3.4-т “Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд”, 2.6.1-д “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс дотогш зайд ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон” байдаг юм байна. Гэтэл тус газар өөрийн эзэмшил бүхий газартаа суурь цутгахаар ухаж үзэхэд ус гарч ирчихээд байхад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь тэр хавийн оршин суугч, иргэд болоод байгаль хамгаалагчдын санааг зовоож байна. Тийм ч болохоор уг асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, фэйсбүүк, твиттерт уг хууль бус барилгын ажлын талаар мэдээлж, олон хүнд хүргэхийн төлөө зүтгэж байгаагаа уулзсан иргэд ярьж “Монголд хууль хэрэгждэггүй, хууль байлаа ч эс тоож бүхнийг мөнгөөр хэмждэг болсон ч бидэнд итгэл найдвар гэж зүйл бий. Энэ асуудалд холбогдох газрууд нь анхаарал хандуулж барилгын ажлыг зогсоож байгалиа хамгаалах гэсэн иргэдийн зүтгэлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэж байсан юм.

Холбогдох байгууллагын мэргэжилтний хэлж буйгаар Туул голын сав газар дахь хамгаалалтын бүсэд давхцалтай нийт 1236 талбар буюу 2584.8 га талбай олгогдсон байна. Эдгээр газруудын ихэнхийнх нь бичиг баримтаас зөрчил илэрдэггүй аж. Мөн тэрбээр “Уг нь голын сан бүхий газар ойролцоо газар олгож байгаа тохиолдолд мөрдөх журмыг нь чангатгах хэрэгтэй. Энгийн хамгаалалтын бүсэд шатахуун түгээх станц байршуулахгүй, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглахыг хориглоно гэсэн байдаг. Энэ нь хэний ч мөрдөж чадахаар энгийн байдаг” гэв.

2014-2015 онд Туул гол зарим хэсгээрээ тасарч байжээ. “Могул ибиз” компанийн хядсан бургас уг нь хөрсөн дэх чийгийг тогтоон барьж тэнцвэржүүлдэг онцлогтой. Улмаар өвс ногоо ургаж, байгаль орчны тэнцвэрт байдал хадгалагддаг байна. Хэрэв бургас байхгүй бол хөрс чийггүй болж, өвс ногоо, бичил биетэн амьдрах нөхцөлгүй болдог байна.

Туул голын бургас дунд дахин нэг барилга газар шорооны ажил эхлүүлэхээр зэхэж байгааг ойр хавийн хүмүүс хэлж байлаа. Иймд тус газрыг барилгын ажил эхлээгүй, гэхдээ бэлтгэл ажил нь хийгдсэн бололтой хайрга, шороо, элс буулгасан хэсэг газар байсан юм. Үүнийг тодруулахад “Идэр” интернэшнл компанийн эзэмшлийнх гэнэ. 2010 онд газрын зөвшөөрлөө авч байсан гэж эх сурвалж хэлэв.

Ингэж голын сав газраар үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, ерөнхий үнэлгээ хийлгэх ёстой байдаг аж. Хэрэв тэд үнэлгээ хийлгээгүй бол экологи, эдийн засгийн үнэлгээг нь тооцож, улмаар байгаль орчинд учруулсан хор хохирлыг нь нөхөн төлүүлэх болон үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч болдог гэнэ. Гэхдээ анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ л нарийвчилсан үнэлгээ хийлгэж, үйл ажиллагаа явуулахад гарах байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг нь тогтоож, үнэлүүлэх ёстой байдаг аж. Туул голын сав газрын захиргааны зүгээс “Маршлаас Зайсангийн гүүр хүртэлх ихэнх голын сав газар эзэнтэй болчихсон. Ядаж одоо үлдээд байгаа энэ хэсэг газраа хэвээр нь хадгалмаар байна” гэж байв. Туулын эрэг дагуух байгаль орчинд халтай үйлдэл хийж буй эдгээр газруудад холбогдох мэргэжлийн байгууллагууд төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил явуулах хэрэгтэй байна.

З.МӨНХСУВД

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *