Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны хороо амжилттай ажиллаж байна DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хамтын ажиллагааны хорооны дарга Н.Баттулгатай ярилцлаа.


-Хамтын ажиллагааны хороо хэдэн онд ямар шаардлага, зорилгоор байгуулагдсан бэ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хэрэгжүүлсэн төслийн үр дүнд байгуулагдах нөхцөл бүрдсэн гэж сонссон. Энэ талаар ярина уу?

– Уул уурхайн Хамтын ажиллагааны хороо анх 2017 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд үүсэн байгуулагдсан. Тус төслийн зорилго нь манай сумын нутаг дэвсгэрт буй нүүрсний уурхайнуудтай хамтын ажиллагааны хүрээнд хариуцлагатай уур уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийг хууль журмын хүрээнд хийж хэвшүүлэх, мөн дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх явдал байсан юм. Үүний хүрээнд Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг харилцан ярилцаж зөвшилцөн баталж, одоог хүртэл мөрдөн амжилттай ажиллаж байна. Хамтын ажиллагааны хорооны хурал жилд 2-оос доошгүй удаа болж тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилд хийх ажлынтөлөвлөгөөг баталж, Засаг даргатай гэрээ байгуулснаар гэрээний үүргээ хэрэгжүүлж ажилладаг.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ, хэрхэн сонгодог, олон нийтийн оролцоог хангаж чаддаг уу?

-Хамтын ажиллагааны хорооны журамд заасны дагуу Уул уурхайн компанийн төлөөлөл 2 хүн, ЗДТГ-ын төлөөлөл 3 хүн, тухайн нөлөөллийн бүс буюу Хар алтат багаас 2 хүнийг сонгодог. Багийн иргэд ИНХ-аараа Хамтын ажиллагааны хорооны гишүүнийг хэн байхыг санал хурааж шийддэг юм. Хорооны гишүүдээ жил бүр шинэчлэн баталдаг. Шинэ гишүүд хуралдаж хорооны даргаа сонгодог.

-Уул уурхайн ямар компаниудтай хамтран ажиллаж байгаа вэ?

Манай сумын Хар алтат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хотгор, Жанат, Хотгор шанага зэрэг компаниудтайхамтран ажиллаж байна.

-Өнгөрсөн хугацаанд тэдний зүгээс хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ, ямар ажлыг санхүүжүүлэв, ер нь санхүүжүүлэх ажлаа хэрхэн сонгодог вэ?

-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тухайн уурхайнуудтай хамтран нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Уул уурхайн хамтын ажиллагааны хорооны ирэх жил хэрэгжүүлэх ажлын саналыг багийн ИНХ-ын хуралдаан дээр очиж иргэдээс, мөн цахимаар санал авдаг. Хамтын ажиллагааны хорооны журамд ямар ажил санхүүжүүлэхийг тусгасан байдаг бөгөөд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн ажил хийхээр тусгасан байдаг.

-Бөхмөрөн сумын хувьд нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцож, байгалийн баялгаасаа хувь хүртдэг сайн жишиг тогтсон гэж ойлгож болох уу? Ер нь Хамтын ажиллагааны хорооны ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?

-Хамтын ажиллагааны хороо үйл ажиллагаа явуулаад зургаан жил болж байна. Хамтын ажиллагааны хорооны төлөөлөл болох төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, нөлөөллийн бүсээс буюу иргэдийн төлөөлөл хуралдаанаараа харилцан ойлголцож, зөвшилцөж, журмын хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөж үйл ажиллагаа нь жигдэрч хэвшил болсон сайн талтай.Мөн Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөний гэрээнд сумын нийт өрх айл бүрд 2 тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Ер нь хамтын ажиллагааны хорооны ажилд иргэд сэтгэл өндөр байдаг бөгөөд жил бүрийн ИНХ-ын хуралдаан, сумын ИТХ-д хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлан тавьж хэлэлцүүлж ирсэн.

-Хамтын ажиллагааны хорооны гишүүдийн санал зөрөлдөөнтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хамтын ажиллагааны хүрээнд харилцан зөвшилцөх, үл ойлголцох асуудлууд гарч ирдэг л дээ. Журамд заасны дагуу бол зарчмын санал зөрүүтэй асуудлууд гарч ирэх, харилцан ойлголцож, гэрээ байгуулах хэмжээнд хүрэхгүй бол хорооны хурлыг шийдвэр гарах хүртэл хэдэн ч удаа хуралдуулж болно гэж заасан байдаг. Иймд бид харилцан ойлголцох, тал бүрийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзэж, хурлаараа асуудлаа шийддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *