Орос-Монголын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн гидробиологи, загас судлалын отряд 1975 оноос Монгол орны загас, усны амьтдын судалгааг тогтвортой явуулж ирсэн түүхтэй. Монгол оронд өдгөө долоон баг, хоёр дэд багийн 14 овгийн 46 төрлийн 78 зүйл загас бий гэнэ. Эдгээрээс манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур голуудад тархан амьдрах монгол хадран загас, Хөвсгөл нуурт амьдрах хөвсгөл хадран загас нь нутгийн унаган зүйл загас юм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоосоо өөр хаана ч амьдардаггүй гэсэн үг. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой их байвал амьдарч буй орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Үүнээс монгол хадран загас бусад дөрвөн зүйлийн хадран загасаа бодоход биеэр хамгийн том бөгөөд урт нь 70 см, жин нь гурван кг хүрнэ. 5-6 насандаа үржилд орно. Үржил дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэх бөгөөд ус 4-6.0 хэм болоход нуурт цутгаж буй голоо өгсөж сүрэглэн хайрга чулуун ёроолд үүр засан түрсээ шахна. Үр тогтсоны дараа эр загас нь 7-10 хоног үүрээ манана. Эм загас 17-18 мянган түрс гаргадаг. Монгол хадран 16 жил насладаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй. Хадран загасны маханд уураг 14.3-17.4 хувь, өөх тос 2-5 хувь, эрдэс бодис 0.8-1.3 хувийг эзэлдэг учир хүнсний гол уурагт бүтээгдэхүүн болдог.
Эрдэмтэн судлаачид 2017 оны дөрөвдүгээр сард монгол хадран загасны шилжилт хөдөлгөөн, үржлийн байршил, үржлийн нүүдлийг тогтоох зорилгоор Чонохарайхын гол, Ховд голын Шижигтэйн хавцал орчим монгол хадран загасанд хувийн дугаар бүхий уян пластик тэмдэглэгээг нурууны сэлүүрийнх нь доод хэсэгт байрлуулж өгсөн. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй уян пластик тэмдэглэгээ юм. Энэ нь баруун Монголын нуур, голын системд хийсэн судалгааны анхны ажил болж байгаагаараа онцлог юм. Энэ нь хадран загасны улирлын шилжилт хөдөлгөөн, тэр тусмаа үржлийн нүүдлийг хянах, үнэн зөв мэдээлэл авахад ихээхэн ач холбогдолтой аж.
Хадран загасанд байгаль орчны элдэв нөлөөнөөс гадна өөр нэгэн хүчин зүйл сөрөг нөлөө үзүүлж байна. Чоно харайхын гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станц нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагдах бөгөөд загасны зүйлийн бүрдлийн хувьд маш ядмаг, энд Потанины Алтайн сугас, монгол хадран гэсэн агнуурын ач холбогдолтой, унаган хоёр зүйл загас байдаг. Голын аль хэсэгт усан цахилгаан станц баригдсанаас шалтгаалан усан санд тэжээлийн бааз шинээр бүрэлдэх нь харилцан адилгүй бөгөөд загасны шилжилт хөдөлгөөн, нүүдэлд ч харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Монгол орны хэмжээнд шинээр байгуулагдсан усан цахилгаан станцуудын усан сангийн судалгааг Орос-Монголын хамтарсан экспедицийн загас судлал, гидробиологийн хэсгийн эрдэмтэн, судлаачид 2008 оноос тогтмол явуулж байна. Судалгааны ажлын үр дүнгээс харахад Дөргөний усан цахилгаан станцын усан санд макро сээр нуруугүйтний бүлгэмдэл хараахан бүрэлдээгүй, харин хөвөгч амьтдын тэжээллэг чанараараа их шимт усанд хамрагдаж байна. Дөргөний усан цахилгаан станцын усан сангийн хэсэгт сээр нуруугүйтэн амьтдын биоценоз дөнгөж бүрэлдэж байгаа тул идэш тэжээлийн хувьд ядмаг, Потанины Алтайн сугас загасны популяци Далай нуурын популяциас бүрдэж байна. Дөргөний усан сангийн хэсэгт амьдрах орчин, идэш тэжээлийн онцлогоос хамааран зөвхөн Потанины Алтайн сугас загас зонхилж байгаа бөгөөд монгол хадран загасны амьдрах орчин хараахан бүрэлдэж эхлээгүй байна.
Ийнхүү Дөргөний усан цахилгаан станцын далан нь Хангай, Алтайн нурууны хооронд чөлөөтэй явагдах монгол хадран загасны генетикийн нэгдмэл цул популяцийг таслан баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хувааж байна. Гэхдээ Хар нуурын илүүдэл ус Татхан-Тээлийн голоор дамжин Завхан голд цутгах бөгөөд энэ хооронд монгол хадран загас шилжилт хөдөлгөөн хийнэ. Харин үржлийнхээ үед Хар нуураас Чоно харайх голыг өгсөн түрсээ шахаж байгаа монгол хадран загас нь Дөргөний усан цахилгаан станцаас доош хэсгийн хайрга чулуун ёроолтой хэсэгт түрсээ шахан адаптацид орсон байна. Үүнээс харахад Дөргөний усан цахилгаан станц нь Чоно харайхын гол дахь монгол хадран загасны үржлийн талбайн 10 хувийг алдагдуулж байна.
Дэлхийн олон улсын практикт усан цахилгаан станц барихдаа тухайн голд тархан амьдрах загасны зүйлийн бүрэлдэхүүнээс шалтгаалан тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг алдагдуулахгүйн тулд биологийн онцлогт нь тохирсон загас дамжин өнгөрүүлэх байгууламж барьж өгдөг. Гэтэл манай оронд баригдсан усан цахилгаан станцууд нь загас дамжин өнгөрүүлэх байгууламж байдаггүй. Жишээлбэл, Дөргөний усан цахилгаан станц нь тухайн зүйлийнхээ биологийн онцлогт тохироогүй оновчгүй байгууламж барьсан байдаг. Иймд дахин алдаа гаргахгүйн тулд мэргэжлийн судлаачдын багаас, эрдэмтэн судлаачдаасаа сайн асууж заавар зөвлөгөө авах шаардлагатайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.
Ямар ч амьтанд өөрийн гэсэн амьдрах орчны хил хязгаар байдаг. Жишээлбэл, тул, зэвэг, хадран загас нь хүчилтөрөгчөөр баялаг, ширүүн урсгалтай, хайрга чулуун ёроолтой хэсгийг шүтэн амьдардаг хүйтэн, цэнгэг усны загас юм. Амьдрах орчных нь нөхцөл доройтоход дайждаг. Бохирдол нь органик гаралтай буюу механик гаралтай юу гэдгээс шалтгаалан загас, усны амьтдад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байна. Жишээ нь, Туул гол маань Төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгээнээс болж Алтанбулагийн гүүр хүртэл байгалийн унаган төрхөө алдсанаас тэнд амьдрах цэнгэг усанд амьдрах зохилдлоготой загас, усны амьтад бүрэн устаад байна. Энд зөвхөн орчны бохирдлыг тэсвэрлэх чадвартай цөөн өргөс хорхой, уушги хэвэл хөлт дун зэрэг цөөн зүйлийн усны амьтад амьдарч байна. Харин Заамарын орчмын хэсэгт уул уурхайн үйл ажиллагаанаас үүсэх механик бохирдол нь голын ёроолын хайрга чулууг бүрхсэнээс амьдрах орчин нь доройтон хомсдож, үүний улмаас цэнгэг усны загасны тархац хүрээ хумигдсаар орчны өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай бүлээн усны бүлгэмдлийн тоо толгой ихсэх зэрэг өөрчлөлт орсоор байна. Энэ мэт олон шалтгаанаар Монголд л байдаг монгол хадран загасанд хамгаалал хамгийн их үгүйлэгдэж байна.