Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргал зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа

Японы мэргэжлийн сумогийн домогт аварга Хакухо өчигдөр буюу Баасан гарагт Токио хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.

Одоо 36 настай тэрбээр 20 жил барилдахдаа 45 тэмцээнд түрүүлж, Япон улсын эзэн хааны цомыг өргөсөн түүхэн дээд амжилтаар сүмогийн замналаа өндөрлүүлж байна. Өчигдрийн хэвлэлийн хуралд Хакухо өөрийг нь 15 настай байхаас эхлэн дасгалжуулсан дэвжээний багш Мияагинотой хамт оролцжээ.

“Би анх сумод ирэхдээ ёкозуна цолтой болохыг л мөрөөдөж байсан. Гэхдээ хэзээ ч 45 тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Би алхам алхмаар ахисаар өнөөдрийн энэ амжилтад хүрлээ” гэж хэлэхдээ Хакухогийн хоолой зангирч байв.

Сүүлийн нэг жилийн хугацаанд тэр баруун өвдгөндөө найман сарын зайтай хоёр удаа хагалгаа хийлгэсэн юм. Уг бэртлийнхээ улмаас зургаан тэмцээн дараалан өнжсөн Хакухо энэ оны долдугаар сарын барилдаанд эргэн ирж, ганц ч унаагүй 15 даваагаар төгс ялалт байгуулж байв. Гэхдээ өвдөгний бэртэл нь сэдэрч, дэвжээнд гарах бүртээ мөстэй алчуур тавьж өвдөлтөө намдааж байсан тул зодог тайлах шийдвэр гаргасан юм байна.

Хакухо өчигдөр бас өөрийн багш Мияагинод хүндэтгэл үзүүлжээ. “Үнэнийг хэлэхэд хэн ч бэлтгэлд дуртай байдаггүй. Гэхдээ би багшийнхаа итгэлийг алдахгүйн тулд улам их хичээн бэлддэг байлаа. Багшийнхаа магтаалыг сонсох нь миний хүсэл байсан юм” гэж тэр ярьжээ.

Олимпийн мөнгөн медальт, Монголын үндэсний бөхийн дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал 2001 онд анх Японд сүмо барилдахаар ирж байсан юм.

Тэрбээр 2006 онд дээд зиндаанд анхны түрүүгээ авч байв. 22 насандаа ёкозуна цол хүртсэн Хакухо 2015 оны нэгдүгээр сард домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн дээд амжилтыг эвдэж байжээ.

Зодог тайлсны дараа тэр Мияагино дэвжээндээ багшлах гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр Хакухо үлдэж байгаа цорын ганц ёкозуна цолтон Тэрүнофүжид амжилт хүсээд сүмогийн ертөнцөд олон сайн залуу бөх төрж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *