Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакухо М.Даваажаргал: Монгол бөхийн эх орон гэдэг үнэхээр үнэн юм

-СУМО БӨХИЙН ДАШТ-ИЙ НЭЭЛТ БОЛЛОО-

Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ Улаанбаатар хотноо “Буянт ухаа” спорт цогцолборт өнөөдөр өглөө 9:00 цагт эхэллээ. Олон улсын сумо бөхийн холбоо 1992 оноос эхлээд тасралтгүй 21 дэх жилдээ зохион байгуулж буй энэ ДАШТ-д 22 орны 300 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн хоёр өдөр болж өнгөрөх юм.

Энэхүү тэмцээнийг Олон улсын сумо бөхийн холбоо, Монгол Улсын сумо бөхийн холбоо, “Хакухо” сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Сумо бөхийн ДАШТ-ий нээлтэд ОУСБХ-ны ерөнхийлөгч Хидэтоши Танака, МСБХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал, мөн 70 дахь их аварга Д.Бямбадорж, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын хүндэт зочид ирж оролцсон юм.

Тус тэмцээнийг ОУСБХ-ын ерөнхийлөгч Хидэтоши Танака албан ёсоор нээж үг хэлэв. Тэрбээр “Энэ удаагийн сумо бөхийн ДАШТ-ийг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулж байгаа МСБХ болоод нийт тэмцээнд оролцож байгаа тамирчид, хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ халуун талархал илэрхийлье. Уг тэмцээнд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн ёкозуно Хакухо М.Даваажаргал танд талархал илэрхийлье. Та бүгдийн туслалцаа дэмжлэгт үргэлж баярлаж байдаг шүү. Сумо бөх өнөө цагт даяарчлагдаж, олон улсын шинж чанартай болж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Монголын сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюүзан Батбаяр “Манай улс бөхийн орон хэмээн бахархдаг. Монголын сумо бөхийн өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд мэргэжлийн болоод сонирхогчдын сумо бөхийн тэмцээнд өндөр амжилт гарган сумо бөхийн түүхэнд бичигдэн үлдэж байна” хэмээн онцолж байлаа.

Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ өглөө эмэгтэйчүүдийн 65 кг, эрэгтэйчүүдийн 85 кг жингийн бөхчүүд барилдсан юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Баасандоржийн Бадрал, эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Түмэн-Одын Баттөгс нар эхний тойргийн барилдаанаа амжилттай хийж ялалт байгуулаад байна. Мөн эмэгтэйчүүдийн 130 кг-ын жинд Хишигдоржийн Сүнжидмаа амжилттай барилдаж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Ингээд тэмцээний үеэр мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай уулзаж, тэмцээний сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.

-Юун түрүүнд долоодугаар сарын башёд амжилттай барилдсанд танд баяр хүргэе.

-Баярлалаа. Долоон сарын “Нагоя” башёд хичээж барилдлаа. Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь их аварга Харумофүжи Д.Бямбадорж маань урамтай сайхан барилдаж найм дахь түрүүгээ авсанд сэтгэл их өндөр байна.

-Өнөөдөр болж байгаа тэмцээний тухайд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маш сайхан болж байна. Олон улсын сумо бөхийн холбоо, Монголын сумо бөхийн холбоо, “Хакухо” сангаас хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээн амжилттай болж байгаад сэтгэгдэл өндөр байна. Түрүүнд хүндэтгэлийн тайзан дээрээс Кёкүшюүзан Д.Батбаяр ах маань хэлсэн, “Монгол Улс бол бөхийн эх орон юм” гэж. Энэ бол үнэхээр үнэн юм. Японы сумо бөх өнөө цагт даяарчлагдаж, олон улсын статустай болсоор байна. Тэр ч утгаараа ДАШТ 21 жил тасралгүй явж байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээ бодвол өргөн цар хүрээтэй явагдаж байна.

-Хүрэлцэн ирсэн үзэгчдийн дунд азтан тодруулах тохирол явагдана. Мэдээж аваргын гараар сугалаа татуулах байх?

-Тийм ээ. Манай МСБХ, “Хакухо” сан, “Toyota” компани зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа энэхүү супэр азтан тодруулах ажиллагаа удахгүй болно. Мэдээж хэрэг гол азтанд автомашин өгнө. Дашрамд хэлэхэд, ард түмэндээ хандан улсынхаа тамирчдыг хамтдаа дэмжье гэж уриалмаар байна.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *