Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хагас тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхины нийлүүлэлт Монголд байна

-НЭГ ГРАММ НЬ 800 МЯНГААС НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДДЭГ ХАР ТАМХИНЫ ЭРЭЛТ ИХСЭХ ТУСАМ ХАНШ УЛАМ ӨСДӨГ –

Хар тамхи гэх нэршил хэдхэн жилийн өмнө манай улсад шинэ зүйл мэтээр ойлгогддог, зарим нь юу гэдгийг нь ч мэддэггүй байлаа. Гэтэл сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсад хар тамхины хэрэглээ, гэмт хэргийн гаралт улам нэмэгдэж, хэдэн зуун саяар тоологдох хэмжээний үнийн дүнтэй дүйцэхүйц бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр олон улсын шуудан илгээмжийг ашиглан 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөс хэмээх хар тамхины нэг төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан нигер улсын иргэнийг Цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан байдаг. Гэтэл сар хүрэхгүй хугацаанд дахин ийм төрлийн гэмт хэрэг гарлаа. өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 12-ны өдөр 500 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний метамфетамины төрлийн мөс хэмээх хар тамхийг гадаад улсаас захиалан, шуудан илгээмж ашиглан хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийг таслан зогсоосон юм. Энэ хэргийг 19-32 насны нэг эмэгтэй, хоёр эрэгтэй үйлдсэн гэж үзэн тэднийг дайчлан баривчлав. Этгээдүүдээс шээсний шинжилгээ авахад нэгнийх нь дээжээс хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тэд эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан эмэгтэй нь “Найз маань гуйсан тул хамт явж байсан” гэж мэдүүлсэн байна. мэргэжилтнүүдийн судалгаагаар манай оронд таваас долоон мянган хар тамхи хэрэглэгч байгаагийн 80 орчим хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй гэнэ. Хар тамхины төрлийн бодисын үнэлгээ гадуур буюу хар зах зээл дээр нэг грамм нь 800 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлэгддэг байна. Нийлүүлэлтээсээ хамааран мансууруулах бодисын үнэ ханш нь нэмэгддэг аж.

Эл хэрэг болон хар тамхины төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал манай оронд ямар байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжинтэй ярилцлаа.

-Гадаадын шуудан илгээмж ашиглан хилээр хар тамхи нэвтрүүлэх тохиолдол гарсаар байна. Хамгийн сүүлийн тохиолдол энэ сарын 12-нд гарлаа. Тухайн өдөр яг юу болов?

– Цагдаагийн байгууллагад ирсэн нууц эх сурвалжийн мэдээллийн дагуу шалгалт хийхэд гадаад улсаас их хэмжээний мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй этгээдүүдийг дайчлан баривчилсан. Сүүлийн жилүүдэд шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газартай хамтран шат дараалсан ажлууд явуулсны үндсэн дээр гэмт хэргийн илэрц нэмэгдэж байна.

-Тухайн өдөр нэлээд их хэмжээний хар тамхи илрүүлсэн гэсэн. Магадгүй манай улс донтогч орны тоонд ороход ойрхон байна уу?

-500 орчим сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний бодис илэрсэн. Энэ нь одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн их үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хар тамхи. Өөрөөр хэлбэл, хагас киллограмм орчим мансууруулах бодис гэсэн үг. Гэхдээ ганц, эсвэл хэсэг хүний захиалсан бодисын хэмжээнээс шалтгаалан тухайн улсыг донтогч орон гэж тодорхойлох нь буруу.

-Үүнийг хэд орчим хүн хэрэглэх боломжтой вэ?

-Хар тамхи нь ил зах зээл дээр борлуулагддаг бараа материал биш, хууль бус гэдэг утгаараа нэг граммыг нь хичнээн хүн, тийм хугацаанд хэрэглэж болно гэсэн зүйл байдаггүй. Хүн бүрийн биеийн онцлогоос хамааран донтолтын байдал нь янз бүр байдаг. Хар тамхийг хичнээн ч хүн ямар ч орцоор хэрэглэх боломжтой.

-Одоогоос хэдхэн жилийн өмнө хар тамхины төрлийн бодис илрэхдээ 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг байсан. Гэтэл өдгөө хэдэн зуун саяар хэмжигддэг болж. Ер нь хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл ямар байна вэ?

-Хар тамхи мансууруулах төрлийн бодис нь саяхныг хүртэл шинэ төрлийн гэмт хэрэгтээ ордог байсан. Гэтэл одоо хүн бүр л хар тамхи гэж юу байдгийг мэддэг, зарим нь хэрэглэж үзсэн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд ч гэсэн 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхи байсныг үгүйсгэхгүй. Тиймээс цаашид ч ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй. үндэсний хөтөлбөр хэрэгжээд эл гэмт хэргийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн гэмт хэрэг ихэссээр байна. Өнгөрсөн жилүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдогчдын тоо эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисын хэмжээ зэргээс харахад гэмт хэрэг улам нэмэгдэж буй нь анзаарагдаж байгаа. Мөн энэ төрлийн гэмт хэргийн төлбөр тооцоогоо биткойн буюу цахим мөнгө ашиглан төлсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

-Өнгөрсөн удаад илэрсэн 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхийг Нигер улсын иргэн хилээр нэвтрүүлсэн. Энэ удаад баригдсан нь ямар төрлийн хүмүүс байв?

-Сүүлийн илрүүлсэн хэрэгт одоогоор гадаадын иргэн холбогдож, бүртгэгдээгүй. Хэрэгт сэжиглэгдэж буй иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, цэвэр ашиг олох зорилготой байсан. Гэхдээ гэмт хэргийн цаана ямар хүмүүс байгааг нягталж шалгана. Учир нь илэрсэн бодис нь тоо хэмжээний хувьд их байгаа тул хоёроос гурван хүнээр хязгаарлагдахгүй байх. Тиймээс бүлэг этгээд байгаа эсэхийг хянана. Уг илгээмжийг АНУ-аас ирүүлсэн нь тогтоогдсон. Ер нь хар тамхины төрлийн гэмт хэргийн цаана гадаад улсын иргэд байх өндөр магадлалтай.

Хар тамхи тээвэрлэсэн этгээдүүийг дайчлан баривчилж буй нь. 2019.02.12

-Манай оронд хар тамхины бүлэглэл байдаг уу?

-Хар тамхины бүлэг зохион байгуулалтад орсон хүмүүс бий. шалгагдаж байгаа хэрнээ батлан даалтад гарангуутаа хар тамхиа хэрэглэдэг, донтчихсон, худалдаалдаг, давтан үйлдэлтэй этгээдүүд ч байгаа. Эдгээр хүмүүсийн хүрээлэл нь ихэвчлэн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой хүмүүс байдаг. Учир нь мансууруулах бодисыг хаанаас олж авдаг, яаж оруулж ирдгийг нь мэдэхгүй, ганц хүн хар тамхийг олж авахад хэцүү, хэрэглэх ч боломжгүй. Тиймээс гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тодорхой хувь нь бүлэг, зохион байгуулалтад орчихсон байдаг.

-Ямар байдлаар хил дамнан холбогдож, энэ төрлийн бодисоо захиалж байна вэ?

-Ихэвчлэн гадаад улсад ашиглагддаг интернэт, цахим, апп-аар холбогдож байна. Мөн шуудан илгээмж ашиглан нээлттэй байдаг сайтуудаас захиалдаг. Бас зарим төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт зөвшөөрсөн улс орнуудаас захиж авчруулан хил давуулан оруулж ирж хэрэгт холбогдож байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо иргэд судлах хэрэгтэй. Учир нь шуудан илгээмж ашиглан оруулж ирэхэд “Өөрөө хил гарч, биеэрээ хилээр нэвтэрч оруулж ирээгүй юм чинь би хэрэгт хамааралгүй, холбогдохгүй” гэж зарим хүмүүс үздэг. Гэтэл тухайн хүн захиж авчруулан хил нэвтрүүлсэн ч ялгаагүй шийтгэл хүлээнэ.

-Монголд орж ирэх хар тамхины хэмжээ өссөөр байгааг хэрэглэгчид нэмэгдсэнтэй холбож ойлгож болох уу?

-Ер нь эрэлт байгаа газар нийлүүлэлт бий. манай орон дамжин өнгөрөгч орон байсан бол одоо хэрэглэгч оронд багтсан нь нэгэнт тодорхой болсон. Хэрэглэгчид байгаа учраас л гадаад улсаас хар тамхи орж ирэх нь ихэсч байна.

-Манай улсад хар тамхины гэмт хэрэгт холбогдсон гадаад улсын иргэд бодисыг мөнгө угаах зорилгоор гадагшаа дахин экспортлох магадлал байгаа юу?

-монгол улсын иргэдийн хувьд энэ нь боломжгүй зүйл. учир нь манай улс мансууруулах бодисыг үйлдвэрлэгч орон биш. Үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин гадаад улсын иргэдийн хувьд байж болохоор асуудал. Гэхдээ Монголд оруулж ирсэн бодисыг өөр улс руу дахин нийлүүлэх эрэлт байгаа эсэх нь эргэлзээтэй.

-Он гарснаас хойш эхний нэг сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хичнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 199 хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэрэгт 412 хүн холбогдон шалгагдаж байгаа. Үүний 337 нь эрэгтэй бол 75 нь эмэгтэй. Харин хар тамхийг худалдаалагч, хэрэглэгч, захиалагчдын ихэнх нь буюу 82.5 хувь нь 18-25 насныхан.Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 2000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирсэн байдаг. Он гарснаас хойш 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. үүний долоо нь шуудан илгээмжээр буюу Америк, Герман, Нидерланд, ирланд, англи, Тайландаас ирүүлсэн байдаг. Он гарснаас хойш энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 15 настай. Гэхдээ илэрч байгаа нь эдгээр тохиолдлууд болохоос биш ямар ч төрлийн гэмт хэрэгт илрээгүй олон тохиолдол бий. мөн давтан гэмт хэрэг үйлдэгчид нэлээд байдаг. Гэмт хэрэгт холбогдогчид засрахгүй байна.

-Хар тамхи хэрэглэсэн хүнийг гаднаас нь хараад яаж мэдэх вэ?

-Ихэнх хүмүүсийн хүүхэн хараа өргөсөх, хэл ам нь хуурайшиж, ээдрэх, архи хэрэглээгүй хэрнээ согтуу юм шиг манарч гуйвах, юу ярьж байгаагаа мэдэхгүй байх зэрэг шинжүүд илэрдэг. Хар тамхи нь төв мэдрэлийн системийг сэргээх үйлчилгээтэй. Тухайлбал, мөсний төрлийн мансууруулах бодисыг хэрэглэлээ гэхэд нойр хүрэхгүй, өлсдөггүй. Зарим хүмүүс өлсдөггүй юм чинь би турах юм байна гэж боддог. Гэтэл энэ нь биед маш сөрөг нөлөөтэй. Хэрэв донтвол хамаарлаас нь гарах магадлал таван хувьтай л байдаг. донтсон, эсвэл тогтмол хэрэглэдэг хүмүүсийн арьс, үсний өнгө гундмал байдаг.

-Хар тамхины хамгийн түгээмэл илэрч байгаа төрөл нь..

-Өнгөрөгч жил манай улсын нутагт ургаж байгаа каннабисын төрлийн зэрлэг олсны ургамлын гэмт хэрэг 60 гаруй хувийг эзэлж байсан. Мөн ice буюу мөсийг гадаад улсаас оруулж ирж байна. Энэ нь химийн гаралтай буюу үйлдвэрт тусгай аргаар гаргаж авдаг бодис.

-Яагаад энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдээд байгаа юм бол?

-2017 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийнх нь хэмжээ багасчихсан. Тухайлбал, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болсон. Гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь эрх зүйн мэдлэгтэй байдаг тул хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нэмэгдэж байна гэж ойлгож болно. Тэгэхээр бодлогоо чангатгаж, хариуцлагыг өндөржүүлэх тусам гэмт хэргийн гаралт буурна. Тухайлбал, хилээр энэ төрлийн бодисыг нэвтрүүлсэн бол хэмжээ төрлөөс нь шалтгаалаад бүх насаар нь, эсвэл олон жилийн хорих ял шийтгэл оногдуулдаг. Энэ нь эргээд хар тамхины гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг бууруулахад ач холбогдолтой байж болох юм.

-Ер нь гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хэдэн төгрөгийн ашиг олдог бол?

-Хэр зэрэг давтамжтай зарж борлуулсан хэмжээнээсээ хамаарна.

-Хар тамхи зардаг хүмүүс өөрсдөө хэрэглэгч байх тохиолдол бий юу?

-Маш цөөхөн тохиолдолд зардаг хүмүүс нь хэрэглэгч биш байдаг. Тэгэхээр зарж борлуулдаг хүмүүсийн ихэнх нь буюу 90-95 хувь нь хар тамхи хэрэглэгчид байдаг.

-Та түрүүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын ихэнх нь өсвөр үеийнхэн байдаг гэлээ. Ер нь эцэг, эхчүүд хүүхдээ төдийгүй, иргэд өөрсдийгөө эл гэмт хэргээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

-Хар тамхи хэрэглэнэ гэдэг нь тухайн хүн эрүүл мэндээ төдийгүй өөрийн эд хөрөнгөө тэр чигт нь алдаж, энэ зүйлд зориулж байдаг. мөн эрх чөлөөгөө хязгаарлуулдаг. Энэ бүгдийг ямар л хүн хүсэх билээ дээ. Мөн сүүлийн үед хар тамхийг эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ихээр хэрэглэж байна. Тэднээс мэдүүлэг авах үед “Донтчихсон учраас” гэж хариулдаг. Гэтэл эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эхчүүд мансууруулах бодисыг хэрэглэнэ гэдэг нь үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц аюултай зүйл болж хувирч байна.

-Өмнө нь хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байсан. Харин одоо Хар тамхитай тэмцэх газар болсон. Энэ төрлийн гэмт хэргийн хүрээлэл нэмэгдэж байгаа болохоор шалгадаг байгууллага нь хүртэл өргөжиж байна гэж үзэж болох уу?

– ЦЕГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулсан. Бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулсантай холбоотойгоор шинэ төрлийн мансууруулах бодис, эмийн хууль бус хэрэглээ гэх мэт 18 чиглэлийг хариуцан үйл ажиллагаа явуулах болсон. Бүтэц өргөжинө гэдэг нь тэмцлийн хүрээ ихэснэ гэсэн үг. Хүний тоо хэр их байна, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт төдий чинээ нэмэгдэнэ.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *