Categories
мэдээ цаг-үе

Хагардаггүй дугуй

Америкийн NASA-гийн дэргэдэх Жон Гленнийн нэрэмжит Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд “SMA Spring Tire” хэмээн нэрлэсэн шинэ үеийн дугуйг бүтээсэн тухайгаа хэдхэн хоногийн өмнө мэдэгдлээ. Энэ дугуй нь чулуу, хад гээд ямар ч хэцүү замыг туулах чадвартайгаас гадна хагардаггүй онцлогтой. Маш олон төмөр пружинийг хооронд нь хэлхэх байдлаар бүтээсэн тул ямар ч замаар түвэггүй явна. Түүнийг бүтээсэн эрдэмтэд туршилтаар Марс гариг дээр удаан хугацаагаар судалгаа хийх тоног төхөөрөмжинд суурилуулах гэнэ. Гинжийг хэлхэж хийсэн дугуйг Марс гариг дээр ажиллах төхөөрөмжинд суурилуулан турших болсон нь ихэд учиртай . Өөр гариг дээр ажиллаж байгаа иймэрхүү төхөөрөмжийн дугуй нь ажиллагаагүй болоход ажиллагаа нь бүрмөсөн зогсдог юм.

Эрдэмтэд яагаад энэ асуудалд олон жилийн өмнөөс анхаарлаа хандуулан ажиллах болсон нэгэн шалтгааныг дурдъя. 2013 онд Марс гариг дээр судалгаа хийж байсан “Кьюриосити” төхөөрөмжийн зүүн талын дугуй эвдэрчээ. Чулуу, шороо гээд бартаатай замаар явсны улмаас гэмтсэн болохыг тогтоосон тул аль болох бартаа багатай замаар явуулахаас өөр аргагүй болсон гэдэг. Энэ нь төсөлд ажиллаж байсан эрдэмтдийн ажилд нэлээд хүндрэл учруулсан байна. Иймэрхүү судалгаа шинжилгээ хийдэг төхөөрөмжийн дугуйд эвдрэл гарах магадлал өндөр гэдгийг эрдэмтэд эртнээс мэдэж байсан. Тиймээс ч 2000 оноос бат бөх дугуй бүтээхээр ажиллаж эхэлсэн. Тэр үед Жон Гленнийн нэрэмжит Судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд дугуй үйлдвэрлэлээр дэлхий дахинаа танил болсон “Good­year” компанитай хамтран ачааны онгоцны дугуйны покрышкийг шинээр бүтээх ажлыг эхлүүлжээ. Ингээд янз бүрийн туршилт хийх явцад төмөр сүлжиж хийсэн дугуй нь ачаалал даах чадвартай зэрэг олон давуу талтай болохыг тогтоожээ. Гэвч туршилтын явцад чулуу, хад, асга ихтэй замаар явсан гинжин дугуй нь хэлбэрээ амархан алдаж байжээ. Тиймээс нитинолын хольцтой төмрөн гинжээр хийж сайжруулсан . Нитинолын хольцтой гинжин дугуй хэлбэрээ алдсан ч эргээд амархан ордог. Түүнээс гадна жин нь ердөө есөн килограмм, 75 килограммыг даах чадвартай. Бас нэгэн онцлог нь уян хатан . Шинэ үеийн хагардаггүй дугуйг бүтээгчид түүний гурван шинж чанарыг онцолсон байдаг. Нэгдүгээрт, техник төхөөрөмж хөөргөж судалгаа хийх боломжгүй хэмээн үзэж буй гаригуудыг судлах ажлыг эхлүүлж болно. Шинэ үеийн дугуй суурилуулсан техник төхөөрөмж нь ямар ч асуудалгүй бууж, явах гэнэ. Хоёрдугаарт, шаварт шигдэж суудаггүй тул нэлээд ачааллыг даах чадвартай. Гуравдугаарт, шинэ үеийн дугуй нэлээд хурдтай явж байхдаа ч цохилтонд өртөхөд эвдрэхгүй. Нэг үгээр хэлэхэд Марс гариг дээр ямар ч бэрхшээлтэй замд явах дугуй нь манай дэлхий дээр бол ямар ч бартааг туулах чадвартай гэдгийг эрдэмтэд баталсан.

Шинэ үеийн дугуйг хийсэн төмөрт нитинолоос гадна титан, никель гээд хамгийн бат бөх металлыг оруулжээ. Ингэснээр эвдрэхэд хайлуулаад хуучин хэлбэрт нь оруулахад хялбар. Марс дээр явагчид суурилуулахаас гадна “Jeep Wrangler” машин дээр туршсан нь маш амжилттай болсон. Ойрын ирээдүйд хөдөө аж ахуй, цэргийн техник төхөөрөмжид суурилуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ер нь шинэ үеийн бат бөх дугуйг бүтээх чиглэлээр нэлээд хэдэн компани ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн юм. Энэ жил Германы Франкфурт хотод болсон олон улсын автомашины үзэсгэлэн дээр “Continental” компани нь ухаантай дугуй бүтээх төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцуулжээ. Тус компани нь замын нөхцөл байдлаас шалтгаалан хэлбэрээ өөрчилдөг дугуй бүтээх гэнэ. Ийм дугуй нь техник технологийн салбарт бас нэгэн том дэвшил болно. Өнгөрсөн оны гуравдугаар сард “Good­year” компани нь “Eagle-360” хэмээх бас нэгэн шинэ дугуй танилцуулсан. Жолоочгүй машинд зориулагдсан түүнийг 3D принтерээр хэвлэж гаргаад машинд суурилуулах боломжтой. Шинэ үеийн бас нэгэн дугуй гэгдэх болсон “Eagle-360” нь замын байдал чийгшлийг хүртэл хянадаг. Түүнээс гадна дугуйны элэгдлийн талаарх мэдээллийг агуулдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *