Categories
мэдээ нийгэм

Хадны мангаанаас хотын мангаа

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин” ном саяхан шинэчлэгдэн гарлаа. Нүүдлийн ахуйгаас иргэншин суурьшиж буй монголчуудын түүхийг наргиан хөгжөөнтэйгээр дүрсэлсэн эл бүтээлд хэд хэдэн шинэ бүлэг нэмэгдсэн байна. Бид түүний зарим хэсгээс нийтэлж байна.

ЭРТЭДСЭН “ХУЛИГААН”

Нөхрийг дайснаас хамгаалах амархан, харин нөхрөө нөхрөөс хамгаалах ярвигтай. Яг л түүн шиг шударга ёсыг шударга ёсноос өөрөөс нь хамгаалах хэрэг байнга гарна. Хүмүүс шударга, ёс тэгш эрхээ хангах гэж төрийг бодож олж. Хулгайчийг шийтгүүлж, хохирсныг өмгөөлж, алдсаныг залруулж явах гэж хууль цаазыг тогтоож. Хамгийн харгис бурангуй дэглэм ч гэсэн хулгай, дээрмийг буруушаана. Өөрөө тонуулч төр байлаа ч гэсэн өөрөөсөө бусдаар хулгай хийлгэхгүй.

Гэвч тэр нь эргээд шударга ёс ба төртэй зөрчилдөнө.Гэвч энэ зөрчлийг ил гаргах нь осолтой байв. Шүүхээс ямар шийдвэр гарснаас үл хамааран нэг тал нь “Эцсийн эцэст үнэн ялдаг юм байна” гэсэн бахдалтай, нөгөө тал нь “Яасан хуурамч хорвоо вэ” гэсэн гомдолтой үлддэг хойно.

Гэвч “яасан хуурамч хорвоо”-г илэрхийлэхэд хязгаартай. Ийм учраас хүмүүс бодож санах бүрий сэтгэл тайтгарах зүйлс хайна. Мэдээж, бурхан буруутныг гэсгээж таарна. Энэ бол төр хууль цаазаас давсан баатруудын домог, дүр юм. Үе үе тодрон гарч, хууль тогтоогчдыг өөрийн хуулиар засаглан шийтгэж олны бахыг хангадаг, үгүйдээ л тэдний засаг захиргааг үл тоодог баатрууд Робин Гуудууд үндэстэн бүхэнд бий. “Та нар намайг чадаж байвч Робин Гуудыг, Тоорой бандийг дийлэхгүй л юм чинь” хэмээн дотроо онгойлгоно.

Ялангуяа харь орны эрхшээлд орсон, эсвэл тодорхой хэмжээгээр хараат орны иргэдэд ийм эрмэлзэл бүр их. Хуулийг боломжоороо эсэргүүцэх, эвийг нь олж цалгардуулах, цоорхойг нь олоод цаана нь гарах зэрэг нь харийн дарамтыг эсэргүүцэх хэлбэр болно. Манж Чин гүрний дагуул байх үеийн монгол түмний үндэсний эсэргүүцлийн бэлгэдэл нь “Шилийн сайн эр” хэмээх малын хулгай тэр дундаа адуугаар мэргэшсэн нөхдүүд болж байв.

Тэд хулгайн ертөнц дэх ямар нам эвслийн бүлгийг төлөөлөхгүй, бие даагч-депутатын статустай маягаар ажиллах тул Манжийн төрөөс онцгойлон анхаарч тэмцэхгүй. Түүгээр ч барахгүй хэргээ хүлээхгүйгээр эрүү шүүлтийг дааж чадвал суллаад явуулна. Ийм хулгайчийг “Есөн эрүү даасан сайн эр” хэмээн цоллож хүндлэн дээдэлнэ. Учир нь тэд төрийн эсрэг ямар нэг бүлэглэл үүсэж чадахгүй учраас Чин гүрний төрд хал багатай. Харин баригдвал, баригдаад улайвал хохь болно.

Нөгөөтэйгүүр хулгайч хэргээ хүлээхгүй гүрийж, өөрийн СиВи-гээ тас нууж, иргэний бүртгэлийн талаархи бүрхэг байдлаа нууж чадвал улам ч хайрлагдана.

Хэрвээ баригдаж, хэргээ хүлээвэл үр дагавар өөр болж, хохирол барагдуулах талын юм болоод ирнэ. Адууг банкинд хадгалуулах юмуу, тоо ёсоор нь насан туршдаа туугаад явж таарахгүй. Ингээд хохирол барагдуулах асуудал төрөлх нутаг хошуун дээр нь бууж ирнэ. Харин есөн эрүү даадаг сайн эрчүүд нутаг хошуугаа хэзээ ч хэлэхгүй.

Хулгай хийх нь нүгэл, маш муухай явдал боловч Манж Чингийн үеийн төрийн хуулийг зөрчиж байгаа нь таатай. Хуулийнх нь өмнө үнэн өчгөө өгөхгүй байгаа нь Манж Чин гүрнийг эсэргүүцэж, өөрийн хэр хэмжээнд ялж байгаа хэлбэр. Өөрийн хэн болохоос эхлээд төрөлх нутаг хошуугаа хэлэхгүй байгаа нь хожуу үеийн эх оронч детектив зохиолоор бол “Дайсны талд нууцаа алдахгүй байгаа баатар”-ын дүр болно.

Хэн ч өөрийн хүүхдийг “сайн эр” болгон хүмүүжүүлэх зорилт тавихгүй боловч тэднийг бахархсан сэтгэлээ өвлүүлнэ. Үйл хэрэг нь биш юм гэхэд үг алдахгүй бие сэтгэлийн хат, хээрээр гэр, хэцээр дэр хийж насыг барах эр хүний ид бах нь залуусын үлгэр дуурайл, охид бүсгүйчүүдийн далд мөрөөс болж үлдэнэ. Орчин цагийн хүүхдүүд Уолт Диснейн урчуудын санаанд ургасан үлгэрийн баатрыг шүтэж өсдөг шиг Манжийн үеийн монголчуудын онгодыг хөглөж, харийн эрхшээлд байгаадаа шаналах сэтгэлийн шархыг илааршуулагч амьд-дүр бол сайн эрс байж.

Хөвүүд хамба болдог байлаа ч гэсэн “сайн эр” болох мөрөөдлийн сэжүүртэй, охид шагшаабодийг сахих тавилантай байг “сайн эр-найз залуутай” байж үзэх хүслэнгийн үртэстэй өснө.

Харин социализмын жилүүдэд өнгөрсөн үеийн ариун нандин бүхнийг таягдан хаясан ч шилийн сайн эрсийг өршөөлийн зарлигт багтаалаа. Тэд ардын хувьсгалаар унаган хаясан гэгдэх хуучин хууль цаазыг эсэргүүцэгч баатрууд байсан байж таарав. Ер нь яваандаа, хорьдугаар зуун гарахын хэрд хувийн өмчийг хураах юм байна гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ба олон жил хүлээж тэвчилгүй хувьсгалын ажлыг шуурхайлах үүднээс ажиллаж байжээ, янз нь. Ингээд баячуудын тэртэй тэргүй 1928 онд хураагдах учиртай адууг эртхэн нийгэмчилж байсан байх нь. Хувьсгалт түүх иймэрхүү өнгөөр сурталчилсан юм. Ардын хувьсгал зөв л юм бол ард түмэн түүнийг мөрөөдсөн байх учиртай, мөрөөдсөн юм бол тэрнийхээ төлөө гар хурууны үзүүрээ ч болов хөдөлгөсөн байх нигууртай. Ингээд ард түмэн социализм байгуулж, өмчийг нийгэмчлэхийг эрт дээр үеэс мөрөөдөж байсан ба цаг үе нь хараахан болоогүй байсан учраас цөөн тооны сайн эрчүүд их хэргийн зах зухыг амжуулж байсан гэж ойлгогдов.

Харин аль ч үед, ялангуяа дарангуйлагч төрийн үед илүү хэрэгцээтэй “үндэсний эсэргүүцлийн дүр”-ийг доктор Ринчин, эсэргүү Лоохууз, намын эсрэг Төмөр-Очир зэрэг шинэ цагийн “сайн эрс” залган авсан. Олон түмэн өөрийн өмнөөс хэлж чадахгүй үгээ, тэдний хэлсэн байдлаар илэрхийлж, үгүйдээ л би эс болохноо “Би биш гэхнээ, Лоохууз энийг чинь хэлчихсэн юм чинь, та нар яах юм бэ” хэмээн сэтгэлээ засах боллоо.

ОРОЙТСОН

“САЙН ЭР”

ХХ зууны сүүлийн хагасаас суурьшин хотшиж эхэлсэн монголчуудад угаасаа сайн эрийн явдал хэрэгцээгүй боллоо. Хэргээ хүлээхгүй байх нь бүү хэл, хүлээх хэрэг хийгээгүй хүнийг ч аваачаад буудчихдаг аймшигт тогтоцод орох нь тэр. Хүн амын бүртгэл нарийсч, мөрийг чинь хөөгөөд, мөчийг чинь тоолоод ирэх Дотоодыг хамгаалахынхны өмнө нутаг хошуугаа зааж өгөхгүй гүрийх нь ямар ч утгагүй юмны нэг болов.

Тусгаар тогтнол баталгаа­жиж, айл нь төрдөө, төр нь НҮБ-д данстай болов. Харин хууль ёсыг болж өгвөл тойрох, дагахаасаа өмнө нүх цоорхойг харах уламжлал тодорхой хэмжээгээр үлдэв. БНМАУ тусгаар улс мөн боловч ЗХУ-ын дагуул улс, гадаад бодлого төдийгүй дотоодод байгуулж байгаа социализм хүртэл Зөвлөлтийн заавар удирдамжтай. Зөвлөлтийн заавар, Зөвлөлтийн хүний санал бол бичигдээгүй хууль. Манжийн үед Хүрээ, Ховдод Чин гүрний амбан, цэргийн боомт хот Улиастайд тэдний жанжин нь өөрийн ажлын аппаратын хамт суух боловч орон нутагт төлөөлөгч гэж үгүй. Харин Зөвлөлтийн мэргэ­жилтэн (Монголд байр­лаж байсан 100.000 орчим цэрэг, мөн тусгай үүрэг бүхий ажилтнуудыг оролцуулахгүйгээр) яам тусгай газар бүр, үйлдвэрүүд, зарим суманд ажиллана. Иймээс монгол хүний сэтгэлд байсан “хүний төр биднийг захирч байна” гэсэн дургүйцэл урьд үеийнхээс төдий л намжсангүй. Нөгөө талаас улс төрийн хүчирхийлэл, аллага хядлага, өмчийг булаан нийгэмчилсэн зэрэг хүний эрх, мөн чанар руу нь довтолсон үйл явцыг “тусгаар тогтнолын төлөөс” хэмээн ухамсарлаж байсан ч зөн совингоороо эсэргүүцэн дургүйцнэ. Энэ бүхний үр дүнд хуучин цагийн сайн эрсийн үйлсийг залгамжилж, сэтгэлийн бах тавыг хангасан тийм моралыг хайж байлаа. Тэрийгээ ч олсон нь “хулигааны иймэж” бололтой.

Хулигаан гэдэг үг орос хэлнээс Монголд орж иржээ.Анх энэ үгийг Лондонгийн цагдаагийн хэрэг бүртгэх хавтсанд 1988 онд тэмдэглэгдсэн гэдэг. Патрик Хулигэн гэгдэх ирланд сайн эрийн нэрнээс гарсан үг ч гэдэг, бас ирландчуудын шал умаахум болтлоо уудаг үдэшлэгийн хоч ч гэдэг, бүр Hooley gang гэдэг гудамжны зэвсэгт дээрэмчний нэр ч гэлцэх. Ал нь ч байлаа гэсэн энэ үг нэршил Зөвлөлт засгийн үед хууль ёсны хэллэг болж, төрийн дайсны зиндаанд дэвшиж, хулигаантай тэмцэх нь социализмыг байгуулах үйл хэргийн салшгүй хэсэг болоод авсан аж. Манай гариг дээр хулигаантай хамгийн их тэмцсэн төр нь Зөвлөлт засаг байсан болоод ч тэр үү Le Grand Robert-ын франц хэлний товч тольд “Зөвлөлтийн дэглэмийг эсэргүүцэгч залуус” хэмээн тайлбарлахад хүрч байжээ.

Нүүдэлчин ард түмэн өөрийн гэсэн нүүдлийн гэмт хэрэгтэй. Тэр нь их төлөв малын хулгай. Дээрэм бараг гарахгүй гэдэг нь их учиртай. Өнөөх, галзуугийн эмнэлгийнхэн оргохоор зэхэж байтал, манаач нь байраа орхиж явснаас үүдэн төлөвлөгөө нурсан онигоорхуу. Эзгүйд авахыг хулгай, эзнийг нь айлгаж авахыг дээрэм гэдэг биз дээ. Тэгвэл мал дээрэмдэх гээд очлоо ч гэсэн сүрэг нь их төлөв эзгүй бэлчиж явах тул дээрмийн төлөвлөгөө нурж, хулгайлахаас аргагүйд тулна. Хэрвээ зэвсэглэж олуул нийлэн бусдын өмчийг булаавал тэр нь дээрэм бус дайн тулаан, байлдан дагуулал гэх өндөр дээд зиндааны явдалд орчихно.

Ийм учраас тал нутаг хулгай ба байлдан дагуулалттай, харин дээрэмгүй орон байлаа. Монголчуудын суурин амьдрал руу хийж эхэлсэн алхмыг Богд хаант Монгол Улсын үеэс улбаатай өрнөдийн технологи, амьдралын хэвшлийг нэвтрүүлэх эрмэлзлээс буюу 1910-аад оноос, түүнчлэн Зөвлөлт маягаар хөгжихөөр тунхаглан нийслэл хүрээгээ Улаанбаатар гэж нэрлэсэн 1924 оноос, Аж үйлдвэрийн комбинат байгуулагдан үйлдвэржилтийн процесс эхэлсэн 1930-аад оноос гэхчлэн олон газраас тоолж болно. Гэвч жинхэнэ хотшил 1959 онд бүх малыг хурааж дууссаны дараагаар, өмч хөрөнгө буюу амьжиргааны эх үүсвэрээсээ хагацсан олон арван мянган хүн хот суурин бараадаж эхэлснээр өрнөсөн юм.

Монголчууд хотшиж эхэлснээр “хотын гэмт хэрэг”үүсэв. Хуучны сайн эрчүүдийн хийдэг малын хулгай устав. Хүмүүс нэгдэл нийгмийн малд хайртай болчихоод хулгай хийдэг хуруугаа хөдөлгөж тэвчихээ байсан юм биш. Социалист хэмээх эзэнгүй өмчийг хулгайлах нь хүн төрөлхтний эсрэг биш юмаа гэхэд коммунизмд дайсагнасан ажиллагаанд тооцогдож, цаазын ял оноох болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *