Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хадам ээж

Хадам ээжтэйгээ байнга зөрчилддөг нэг бүсгүй оточ лам дээр очоод “Би хадмаасаа аль болох хурдан салмаар байна. Аажмаар хордуулах хор өгөөч. Шууд хордуулчихвал намайг гэдгийг мэдчихнэ” гэж л дээ. Оточ бүсгүйд боодолтой зүйл өгөөд “Энэ хорыг хагас сарын турш өглөө оройд бага багаар хувааж өгөөрэй. Хордуулж байгаагаа мэдэгдэхгүйн тулд аль болох сайхан аашилдаг юм шүү” хэмээн захиж гэнэ. Бүсгүй ч өдөр бүр ээждээ амттай хоол, аагтай цай бэлдэж өгч, өнөө хорноос бага багаар хийж эхэлжээ. Мэдээж ламын хэлснээр хадамдаа эелдэг хандахаа мартсангүй. Гэтэл бүсгүйн санаанд оромгүй юм болж. Өдөр бүр үглэж загнадаг хадам ээж нь орж гарсан хүн бүрт бэрээ магтаж, хийсэн хоолных нь амттайг шагшиж, чин сэтгэлийн яриа дэлгэж, хачин сайн ханддаг болчихож. Бүсгүй ч өдөр ирэх бүр хадмынхаа тухай сайхан бодол тээх болж дээ. Долоо хоног өнгөрсний дараа бүсгүй өнөө отчийндоо буцаж очоод “Би хадам ээжийгээ буруу бодож байжээ. Ээж минь үнэхээр сайн хүн юм байна. Таны өгсөн хорыг анагаах ерөндөг гэж байна уу. Ээжийгээ аврахад туслаач” гэж гуйжээ. Энэ үгийг сонссон оточ инээмсэглээд “Би юу гэж танд хор өгөх билээ. Тамир тэнхээ сайжруулах тан өгсөн юм. Танд хандаж буй хүмүүсийн хандлага таны яаж хандахаас л шалтгаалж байгааг ухааруулах гэсэн юм” гэжээ. Энэ бол сэтгэл зүйчдийн хэлдэг нэг жишээ л дээ. Ойр тойрныхондоо чин сэтгэлээсээ талархан хандаж, инээмсэглэл тодруулан алхаж, бусдад туслахыг хичээж явдаг хэн ч яг л ийм эерэг хандлагыг орчин тойрноосоо мэдэрнэ гэдгийг энгийнээр ухааруулсан сайхан жишээ.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *